Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит ОУ-ын тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.10-нд нийтлэгдсэн

Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит ОУ-ын тэмцээн боллоо

Булган аймагт самбо бөхийн Дэлхийн аварга, Жүдо бөхийн Дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, ОУХМ, аймгийн арслан Батбаярын Ариун-Эрдэнийн нэрэмжит самбо бөхийн өсвөрийн үеийн олон улсын тэмцээн болж, аваргууд тодорлоо.

Монголын шилдэг тамирчдын нэг Б.Ариун-Эрдэнэ өөрөө Улсын аварга шалгаруулах тэмцээнд жүдо бөхөөр долоо, самбо бөхөөр есөн удаа тэргүүлж байжээ. Түүний нэрэмжит тэмцээнийг Монголын самбо бөхийн холбоо, Булган аймгийн ЗДТГ, гэр бүл, найз нөхөд нь хамтран зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын спортын алдартнууд, МУ-ын Гавьяат дасгалжуулагч Бат-орших, Энхбаяр, Эрдэнэбат, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Д.Нармандах, Т.Үйтүмэн, ОХУ-ын Буриадын дасгалжуулагч Б.В.Жимбаевич, түүний анхны багш самбо бөхийн улсын 10 удаагийн аварга Мөнхөө агсны гэргий Н.Цэвэлмаа, түүний хүүхдүүд болох ОУХМ М.Золжаргал, спортын мастер М.Золбоо, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Энхболд, Дагвадорж, ОУХМ Б.Ариун-Эрдэнийн аав Батбаяр, ээж Энхмаа, багын найзууд болох Г.Энхболд, Ариун-Эрдэнэ   тэргүүтэй  олон зочид, төлөөлөгчид хүрэлцэн  иржээ. Тэмцээнд ОХУ-ын Буриад, Өвөр Монголын өөртөө засах орон, Архангай, Дархан-Уул, Орхон аймаг, Боржин, Борнуур, Шонхор олимп сургууль, Женко, Хангарьд  клуб мөн Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Могод, Хишиг-Өндөр, Тэшиг тэргүүтэй 10 гаруй сумаас нийт 338 өсвөрийн тамирчид оролцож,  хоёр өдрийн туршид Булган аймгийн дэвжээнээ ур чадвараа сорин өрсөлдлөө. Энэ үеэр ОУХМ Б.Ариун-Эрдэнэ нутгийн удирдлагууд самбо бөхийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм. Нээлтийн ажиллагааны үеэр урлаг, спорт тоглолт болж, хамтлаг, дуучид тэмцээнд оролцогчдод уран бүтээлийн дээжээсээ бэлэг барьсан юм. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд зохиогдож байсан тус тэмцээн энэ жил хүрээгээ тэлж, олон улсын хэмжээний тэмцээн болж, цар хүрээгээ тэлсэн байна. Тэмцээнд оролцсон ОХУ-ын дасгалжуулагч Б.В.Жимбаевич “Сансрын нисгэгч, олимпийн аварга, дэлхийн аварга төрсөн энэ сайхан нутагт тэмцээн уралдаанд оролцож байгаадаа баяртай байна. Энэ олон алдартнуудыг төрүүлсэн нутаг усныхан болон бүх ээж нарт нь хамгийн сайн сайхныг хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.

Тэмцээний аваргууд:

Эмэгтэй:

48 кг : – Э.Нямсүрэн  /Биеийн тамир, спортын дунд сургууль/
52 кг : – Д.Отгонсүрэн  /Боржин /
57 кг : – М.Баяртуул  /Боржин /
63 кг : –  Б.Ганхайч /Биеийн тамир, спортын дунд сургууль/
нэмэх 63 кг : – Б.Хонгорзул  /Биеийн тамир, спортын дунд сургууль/

Эрэгтэй:

42 кг : – Б.Энэбиш / Архангай /
48 кг : – Рагчаахүү  / Дашинчилэн /
52 кг : Д.Алтанхуяг / Женко /
57 кг : – Б.Баяраа / Женко /
62 кг : – М.Мөнх-Эрдэнэ / Биеийн тамир, спортын дунд сургууль /
68 кг : – О.Галмандах / Орхон аймаг /
74 кг : – Станислав / ОХУ-ын Улаан Үдэ /
нэмэх 74 кг : – Х.Дашзэвэг / Архангай /

Багийн дүнгээр
:

  1. Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль
  2. Архангай
  3. Булган

Д.БАЯР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж