Онгоцоо барьцаалуулсан “МИАТ”-ийн дарга Засгийн газраар бамбай хийв

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Онгоцоо барьцаалуулсан “МИАТ”-ийн дарга Засгийн газраар бамбай хийв

Монгол оронд иргэний агаарын тээвэр үүсч хөгжсөний 85 жилийн ойг нисэхийнхэн сүр дуулиантай гэгч нь тэмдэглэж, баяр үргэлжилж байна. Тэгээд ч тавдугаар сарын 25-ныг нисэхийн “төрсөн өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Гэтэл “МИАТ” компанийн онгоцыг албан тушаалтан нь барьцааллаа. Үүний улмаас Сөүлийн чиглэлийн 06.45 цагийн нислэг саатаад байна” гэсэн мэдээлэл тарсан юм. Эхлээд гайхсанаа нуух юун. Иргэний агаарын тээвэр үүсч хөгжсөний 85 жилийн ойгоороо томчуудаас баярын мэндчилгээ хүлээн авч, баяраа тэдэнтэй хуваалцаж байсан “МИАТ”-д яагаад ийм асуудал үүсэх болсныг тодрууллаа.

“МИАТ” компанийн 06.45 цагийн нислэг саатжээ. Бүр онгоц нь барьцаалагдсан гэдэг нь үнэн болж үйл явдлын талаарх мэдээлэл хөвөрч эхлэв. Манайдаа л хамгийн үнэтэй нь болох долоон тэрбум төгрөгийн үнэтэй  “Эйрбас-310” онгоцны техник засварын үеэр тус компанийн инженер, техникийн ажилтнууд далавчийг нь цөмлөж их хэмжээний хохирол учруулсан аж. Компанийн удирдлага ч үүний гол буруутнаар Техникийн газрын техник хариуцсан ерөнхий менежер Ё.Энхтөрийг тодруулсан байна. Ё.Энхтөр энэ шийдвэрийг эсэргүүцэн 25-ны өдрийн Сөүл, Бээжингийн чиглэлийн гадаад нислэгийг барьцаалан нислэгт гарах хоёр онгоцны гарашийн түлхүүрийг нуужээ. Түүний энэ үйлдлийг бусад нь ч дэмжиж олны анхаарлыг “МИАТ” руу хандуулахад хүргэсэн байна.  Үүнээс болоод 06.45 цагийн Сөүлийн нислэг аялалд гараагүй, 160 гаруй зорчигч “МИАТ”-ын ерөнхий захирлын шийдвэрийг хүлээж суугаа гэнэ. Мөн Улаанбаатар Бээжингийн 18.00 цагийн нислэгийн хувь заяа бүрхэг учраас үйлчлүүлэгчдэдээ “Нислэг тодорхой шалтгааны улмаас хойшиллоо” гэсэн мэдэгдлийг компанийн зүгээс гаргажээ.  Зорчигчид хил давсан учраас Ерөнхий сайд ажлын хэсэг томилсон байна.

 ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнээр удирдуулсан ажлын хэсэг хоёр ч удаа хуралдаж барьцаалагчидтай хэлэлцээ хийсэн боловч тодорхой тохиролцоонд хүрч чадахгүй байгаа ажээ. Тиймээс ажлын хэсгийнхэн шийдвэр гаргаж чадахгүй удаж байна.  Учир нь Ё.Энхтөр тэргүүтэй онгоц барьцаалагчид “Эйрбас-310”-ын засварын үеэр гарсан эвдрэл, гэмтэлд өөрсдийг нь буруутгасан шийдвэрийг хүчингүй болгохоос нааш барьцааны объектыг чөлөөлөхгүй гэсэн хариу өгсөн байна. Барьцаалагчид нислэгт гаргах хоёр онгоцны гарашийн түлхүүрийг  нууж, хаалганы нэвт­рэх кодыг өөрчилсөн тул ямар ч ар­га хэмжээ авч болохгүй байгааг нисэхийнхэн өгүүлж байна гэсэн мэдээлэл өчигдөр бас  сайтуудаар гарч баахан үймж бужигнасан юм.   Үнэндээ тэнд хуримтлагдаад байсан ээд­рээ­тэй олон асуудал баярынх нь  өдөр ийм ноцтой үйлдлээр ил болов. “Олгой хагаравч тогоон дотроо” гэж суусны балгийг монголчууд өчигдөр харав.  

 Тус байгууллагынхан Монголын иргэний агаарын тээвэр үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ойдоо зориулж, түүхэндээ анх удаа онгоц барьцаалж бэлэг барих нь энэ. Нисэхийнхэн, “МИАТ” компанийн удирдлага онгоц барьцаалсан энэхүү үйл явдлыг зөөлрүүлэх, үйлчлүүлэгчдээ тайвшруулахын тулд тус компанийн Техникийн газрын инженер, техникийн ажилтнууд ажил хаясан хэмээн мэдэгдэл гаргаснаар асуудал бага ч болтугай намжих болов уу гэж тооцоолжээ. Гэвч өчигдрийн олон улсын хоёр нислэг онгоц нь барьцаалагдсаны улмаас саатлаа. Бид болсон үйл явдал, хилийн цаана байгаа 160 гаруй зорчигчийн талаар “МИАТ” компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Г.Түмэнжаргалаас тод­руулахад “Техникийн газрын­хан өмнө нь удаа дараа ийм байд­лаар онгоцыг нислэгт гаргалгүй саатуулж байсан. Энэ удаад нислэг нь саатсан 152 зорчигч хүлээлгийн танхимд өдөржин хүлээлээ. Гэхдээ манай компанийн зүгээс арга хэмжээ авч, зорчигчдоос уучлал хүсч байна. Сөүлийн чиглэлийн зорчигчдыг “Корейн-Эйр”-ийн онгоцоор, Бээжингийн үйлчлүүлэгчдээ “Эйрчайна” компанийн нислэгээр явуулахаар болсон. Хилийн гадна хүн үлдсэн асуудал гараагүй. 06.45 цагийн нислэгийн зорчигчдын билетийг шалгаж эхлэхэд ийм асуудал үүссэн. Засгийн газар, ЗТБХБЯ, “МИАТ” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Ё.Энхтөрд хариуцлага тооцох тал дээр санал нэг байгаа” гэлээ. 

 “МИАТ” компанийн захирал Р.Бат-Эрдэнэ өдөр тутмын сонинд анх удаа томоохон ярилцлага өгөхдөө монголчуудаа баахан загнах нь гайхмаар. Тэрбээр “Та бүхэн МИАТ-ынхаа онгоцоор ниснэ гэдэг чинь эх оронч сэтгэл шүү дээ. Үндэсний ганц тээвэрлэгчээ юм л бол хараар будаж, нийт хамт олны хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэж, чулуу нүүлгэж байдаг сэтгэлгээнээсээ салахсан. Бидний ажилд алдаа оноо бий ч түүнээс хавьгүй ихийг хийж, бүтээж явна. Өөр улс орны онгоцыг, нисгэгчдийг нь гуйж царай алдалгүйгээр монгол хүн Монголынхоо авиакомпаниар үйлчлүүлж байна. Үүгээрээ бид бахархах ёстой. Жигүүрт хүлэг морины бэлгэдэлтэй агаарын хөлгүүд дэлхийн томоохон хотуудын онгоцны буудал дээр зогсож байгаа нь үнэхээр сайхан харагддаггүй гэж үү. Олон жил гадаадад ажиллаж, амьдарч байгаад Монголынхоо онгоцонд суухад эх орондоо ирснээс өөрцгүй санагддаг биз дээ” гээд л “МИАТ”-иар үйлчлүүлсэн хийгээд ирээдүйд үйлчлүүлэх иргэддээ баахан дүрэмдэж байна. “МИАТ” компанийн онгоцоор үйлчлүүлдэг иргэдийнхээ өөдөөс ингэж аашилж байгаа юм чинь онгоцонд сууж үзээгүй нөхдийг бол баллах юм байна, Р.Бат-Эрдэнэ дарга. Энэ эрхмийн үгнээс харвал эх оронч сэтгэлтэй байхын тулд заавал “МИАТ”-аар үйлчлүүлэх хэрэгтэй болох нь. Нөгөөтэйгүүр эднийхээр үйлчлүүлсэн иргэд эх оронч сэтгэлтэй, онгоцонд сууж үзээгүй нь эх орондоо хайргүй болж таарлаа. Үүний зэрэгцээ Монголын цорын ганц авиакомпанийн даргын ярилцлагаас дүгнэвэл тэрбээр ерөнхий захирлаар ажиллаад хоёр он, нэг сарыг үдэж байгаа аж. Энэ хугацаанд “МИАТ” компани олон нийтэд нээлттэй бус байсан гэдгийг ерөнхий захирал нь өөрөө баталж байна. Өөрөөр хэлбэл, 2.1 жилд, онцгой тэмдэглэлт ой, баяр ёслол тохиосон үед л зөвхөн “МИАТ” компанийн ерөнхий захирал олонд ил гарч үгээ хэлдэг бусад үед хаалттай байдаг бололтой. Үүнээс нь болоод тус байгууллагын ажилд алдаа дутагдал оршиж байгааг ойлгосон гэдгээ ч мэдэрч түүнээсээ суралцан ихийг хийж бүтээж байгаа юм байна. Р.Бат-Эрдэнэ даргын энэ удаагийн ярилцлага удаан хугацаанд дуншиж, “илүү тээлттэй” байсан учраас цагаа олсонгүй гэвэл буруудахгүй л болов уу. Үүнийг өчигдрийн үйл явдал гэрчилж өглөө. Р.Бат-Эрдэнэ дарга сүүлдээ онгоц барьцаалсан хэрэгт өөрийгөө буруугүй гэж итгүүлэхийн тулд Засгийн газар ЗТБХБЯ, ИНЕГ нэгдмэл байр суурьтай байгаа хэмээн бамбай хийв.

Ё.Энхтөр: Нислэг ганц өдөр биш удаан хугацаанд саатах нөхцлийг “МИАТ” компанийн удирдлага бүрдүүлсэн

Энэ сарын 25-ны өдрийн олон улсын нислэгүүдийг барьцаалсан “хэрэгтнүүдийн толгойлогч” гэгдээд байгаа “МИАТ” компанийн Техникийн газрын техник хариуцсан ерөнхий менежер  Ё.Энхтөрөөс болж буй үйл явдлын талаар тодрууллаа.

-Та нар ямар шалтгааны улмаас онгоц барьцаалаад байгаа юм бэ. Асуудлыг өөр арга замаар шийдэж болоогүй юм уу?

-Онгоц барьцаалсан гэдэг нэр томъёог “МИАТ” компанийн удирдлага л гаргаж олныг бужигнуулаад байна. Тус компанийн захирлын шийдвэрээр намайг ажлаас халсан. Түүгээр ч үл барам Техникийн газрыг татан буулгах болсон нь нислэг саатахад хүргэсэн. Онгоц барьцаалснаас болоод олон улсын нислэг саатаад байгаа юм биш. Техникийн газрыг татан буулгасан нь “МИАТ”-ын онгоцуудыг агаарт гаргах эрхгүй болгоод байна. Өөрөөр хэлбэл, өчигдрийн Сөүл, Бээжингийн чиглэлийн нислэгт техникийн баталгаа байхгүй учраас агаарт хөөрөх ямар ч боломжгүй. Онгоц агаарт хөөрч болно гэсэн баталгаа, гарын үсэг зурах хүнгүй учраас яаж  нисгэх юм бэ. “МИАТ” компанийн удирдлага олон улсын хууль тогтоомж зөрчсөн үйлдлээ нуухыг тулд намайг онгоц барьцаалсан болгож, түүний улмаас нислэг хойшлогдон зорчигчдыг бухимдуулж байна гэсэн мэдээллийг цацаж байгаа. Түүнээс биш миний бие, манай газрын хамт олон онгоц барьцаалаад иргэдийг айлгаж, сандралд оруулаагүй. Бий болсон асуудалд “МИАТ”-ын удирдлага буруутай.

-Танай газар “Эйрбас-310” онгоцны ээлжит засварын үеэр далавчийг нь хугалж улсад их хэмжээний хохирол учруулсан юм биш үү. Түүний дагуу таньд арга хэмжээ авснаас ийм байдалд хүрсэн гээд байна. Үүнийг юу гэх вэ?

-“Эйрбас-310” онгоцны зас­ва­рын үеэр дугуй өргөгч  унасны улмаас далавч нь эвдэрсэн. Үүнийг бид засч, нислэгт бэлэн болгосон. Үүнд хэн нэгнийг буруутгах, хохирлыг нь төлүүлэх гэж байгаа мэт харагдавч  компанийн удирдлага  өөрсдийн хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулах санааг агуулж байгаа гэдгийг хэлье. Гэнэтийн тохиолдлоор байгууллагад хохирол учирч болно. Гэтэл манай хамт олон “МИАТ” компаниуд 11 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж л байсан, цагтаа. Надад хариуцлага тооцож, ажлаас халж болно. Би үүнийг эсэргүүцээгүй. Техникийн газрыг татан буулгаснаар “МИАТ” компанийн онгоц агаарт нисэх ямарч боломжгүй. Нисэх багийнхан, зорчигчдод “Энэ удаагийн нислэгт гарах онгоц баталгаатай. Техникийн газар баталгаа гаргаж байна” гэдэг нь тодорхойгүй боллоо. Зорчигчдын амь нас аюулгүй байдлыг нислэг талаас нь хэн ч хариуцахгүй болж байна гэдгийг л иргэд ойлгох хэрэгтэй болов уу. Онгоцонд асуудал гарвал хариуцах эзэнгүй болж байх шиг байна. Техникийн газрыг татан буулгавал Олон улсын нислэгийн төв байгууллагатай тохиролцох учиртай. “МИАТ”-ийн удирдлага хууль зөрчсөн энэ үйлдлээ нуун дарагдуулахын тулд намайг, манай хамт олныг онгоц барьцаалсан гэж мэдэгдэн, төр засаг, иргэдэд итгүүлэх гээд байгаа юм. Харин олон улсын хууль, эрх зүйн актыг зөрчсөн компанийн удирдлага, нисэхийн салбарт бий болоод байгаа хууль бус үйлдэлтэй би л хувьдаа эвлэрч чадахгүй.

-Эвлэрч чадахгүй гээд олон улсын нислэг саатна гэдэг байж болохгүй биз дээ?

-“МИАТ” компанийн удирдлага гаргасан шийдвэрээрээ нислэг саатуулаад байна. Түүнээс биш Энхтөр онгоц барьцаалаагүй. Техникийн газрыг татан буулгасан учраас манай инженер техникийн ажилчид нислэгт гарах хоёр онгоцонд “нисч болно” гэсэн баталгаа өгч болохгүй биз дээ. 

-Тэгээд хэн баталгаа гаргах юм бэ?

-Баталгаа гаргах хүнгүй болохоор л онгоц агаарт хөөрч чадахгүй байна. Техникийн газрыг татан буулгаснаар өөр газар, хэлтэс баталгаа өгөх боломжгүй. Үүнийг мэдсээр байж манай хэлтсийг татан буулгаж байгааг ойлгохгүй байна. “МИАТ”-ын удирдлагын гаргасан энэхүү шийдвэрээс болоод ганц өдрийн нислэг саатаад өнгөрч байгаа юм биш. Нислэг цаашид ч саатах нөхцөл бүрдээд байгаа. Үүнийг компанийн удирдлага хийсэн.

-Та компанийн удирдлага хууль бус үйлдлээ нуун дарагдуулахын тулд ийм шийдвэр гаргасан гэлээ. Ямар хууль бус үйлдэл байна вэ?

-“МИАТ” компани гаднаас нь харахад болоод, иргэдэд үйлчлээд байгаа мэт харагддаг ч дотроо асуудалтай хэвээр  байна. Ер нь нисэхийн салбарт хууль зөрчсөн, хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Өнөөдөр 18 настай хүүхэд “Аэро­бус 310-300”, “Бойнг737-800”-г жо­лоодож агаарт хөөрч байна. Агаарт 250 цаг  ниссэн хэн дуртай хүн “Бойнг”-ийн нисгэгч боллоо. Онгоцны нисгэгч болохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, хугацаанаас нь өмнө сургууль төгсдөг болж. Энэ мэт хэрээс хэтэрсэн, хууль зөрчсөн үйлдлийг “МИАТ”-ын удирдлага, Иргэний нисэхийнхэн өөрсдөө гардан хийж байна. Онгоц агаарт нисэхэд техникийн хувьд бэлэн байдаг, нисгэгч нь 18-тай хүүхэд байна гэдэг чинь олон улсын жишигт, нисэхийн түүхэнд ч байж боломгүй зүйл шүү дээ. Ажлын дадлага туршлага, энэ тэр бүр ч байхгүй. Дарга нарын хүүхэд нисгэгч болж, том онгоц жолоодож байвал хууль зөрчих нь энүүхэнд болсныг тэдний хууль бус үйлдэл харуулдаг. Үүнийг бид эсэргүүцдэг учраас манай газрыг татан буулгасан гэж шууд ойлгоход л болно.

Н.Мөнхтөр.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж