Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Германы Халле хотноо үргэлжилж буй
“Химийн цом”-ын тэмцээний аваргын төлөөх тоглолтод ялалт байгуулсан талаар Монголын олимпийн боксын холбоо мэдээллээ. Тэрбээр 56 кг-ын жингийн аваргын алтан медалийн
төлөө Францын боксчин Энтони Бретийг ялжээ.
Жин
жингийн шилдэг найман боксчин урилгаар оролцдог тус тэмцээнд дэлхийн 18
орны 100 гаруй боксчин оролцож байгаа юм. Олон улсын “А” зэрэглэлийн
“Химийн цом”-ын 40 дэх удаагийн тэмцээнд Монголын зургаан тамирчин хүч
сорьсноос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Ж.Еркин /52 кг/ нар хүрэл медалийн
болзол хангасан бол Гавьяат
тамирчин Н.Төгсцогт ийн анх удаа "Химийн цом"-д аваргаллаа. Монголын боксчдын хувьд
"Химийн цом"-оос гурван алтан медаль хүртэж байсан түүхтэй. Анхлан 1986
онд Гавьяат тамирчин Н.Энхбат "Химийн цом"-ын аварга болж байсан бол 20
жилийн дараа Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алтан
медаль хүртсэн юм. Хамгийн сүүлд 2009 онд “Химийн цом”-ын тэмцээнээс
Б.Жавхлан аваргын алтан медаль, Д.Отгондалай мөнгөн медаль зүүж байсан
бол өнгөрсөн жил П.Сэрдамба мөнгөн медалийн эзэн болж байжээ.
Лондонгийн
зуны олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт 56 кг-ын
жинд дөрөвний нэг шигшээд Германы Омар эл-Хагийг 19:9 харьцаатай ялж,
улмаар хагас шигшээд ОХУ-ын тамирчин Владимир Никитинийг 13:7
харьцаагаар буулган авсан байна. Харин залуу тамирчин
Г.Ган-Эрдэнийн тухайд 49 кг-д шөвгийн наймын шатанд Мавритусын тамирчин
Корнет Дидьег 20:8-аар ялж, хүрэл медалийн болзол хангасан ч хагас
шигшээд Казахстаны Биржан Жакыповд дийлдлээ. Тоглолт эн тэнцүү өрнөж,
15:15 харьцаатай оноо тэнцсэн бөгөөд шүүгчдийн саналаар Казахстаны
тамирчинд ялалт өгсөн байна.
52 кг-д Ж.Еркин шөвгийн наймд
Унгарын боксчин Норберт Калуяг 21:15-аар ялснаар хүрэл медалийн болзол
хангажээ. Харамсалтай нь, медалийн өнгө хувиргах тулаанд ОХУ-ын шилдэг
тамирчин Миша Алоянд ялагдаж, хүрэл медаль дээр буусан байна.
ОУХМ
Д.Отгондалайгийн хувьд 60 кг-д эх орноо төлөөлж, шөвгийн наймд буюу
хүрэл медалийн төлөө ОХУ-ын боксчин Адлан Абдурашидовтой тулалдсан.
Тоглолтын хоёрдугаар үед манай тамирчны хөмсөг задарснаар шүүгч
тоглолтыг зогсоож, өрсөлдөгч тамирчинд ялалт өгсөн байна.
Монголын
шилдэг боксчдын нэг ОУХМ З.Энхзоригийн тухайд 64 кг-ын жинд тоглож,
эхний тулаандаа Данийн боксчин Инок Мвандилаг 14:5-аар ялсан ч хүрэл
медалийн төлөөх тоглолтод Казахстаны Мерей Ашкаловт 5:19 харьцаатай
ялагджээ. Мөн 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Францын Чабане Феимийг
12:8 харьцаатай ялж, хүрэл медалийн төлөө ОХУ-ын Андрей Замкововтой эн
тэнцүү өрсөлдөж, ганцхан онооны зөрүүгээр буюу 11:10 харьцаатай дийлдсэн
байна.
Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг,
дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор “Химийн цом”-д өрсөлдсөн манай боксчид тус тэмцээний дараа Чехийн Усти-над-Лабем хотноо болох
Гран-при тэмцээнд оролцох юм.