ИЗН байгуулагдсаны түүхт өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал, 2000 оны гуравдугаар сарын 9-ний энэ өдөр ИЗН байгуулагдаж байжээ. Тус нам өнөөдрийг хүртэлх хугацаанд оршин тогтнохдоо хэд, хэдэн намтай эвсч, УИХ болон орон нутгийн сонгуульд оролцож байлаа. Тухайлбал, 2000 онд Ногоон намтай эвсэн УИХ-ын сонгуульд өрсөлдөж, нэг суудал авч байсан бол 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын төлөө нам, Орон нутгийн хөгжлийн төлөө намууд ИЗН-д нэгдэж, тус сонгуульд оролцож байжээ. Тэгвэл 2002 оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах нам нь Иргэний Зориг намд нэгдэн, ИЗБНН байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар 2004 онд Эх орон-Ардчилал Эвслийн бүрэлдэхүүнд орж, УИХ-д хоёр суудал авч, Орон нутгийн сонгуульд энэхүү эвслийнхээ хүчээр бүх шатны ИТХ-д нийт 44 суудлыг авч байжээ. Харин өнгөрсөн 2012 оны гуравдугаар сард Иргэний Зориг нам нь ИЗНН хэмээн нэрээ өөрчилж, намын дүрмээ шинэчилсэн юм. Улмаар УИХ-ын сонгуульд тус нам дангаараа оролцож, УИХ-д хоёр төлөөлөлтэй болсон түүхтэй. Одоогоор тус нам Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байна. Намын дарга С.Оюун нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар ажиллаж буй.
Г.ДАРЬ