2011 онд Калашников автоматын шинэ загварыг туршина

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

2011 онд Калашников автоматын шинэ загварыг туршина

Калашников автомат винтовны шинэ загварыг ирэх жил турших болно гэж “Ижмаш” үйлдвэрийн захирал Генерал Владимир Гродецкий мягмар гаригт мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг дамжууллаа. Домогт автоматны шинэ загвар нь “АК-200” гэж томъёологдож байгаа бөгөөд “АК-74Т” загвар дээр үндэслэх болно. Жингийн хувьд 3.8кг, 3.3 кг гэсэн хувилбаруудтай байх ба магазин нь 30, 50, 60 сумны багтаамжтай байх болно.

“АК-74”-г Калашников автоматны анхны загвар дээр үндэслэж хийсэн бөгөөд 1974 онд Зөвлөлтийн цэргүүд Афганистанд тулалдаж байх үед анх Зөвлөлтийн армид нэвтрүүлсэн. “АК-47”-г дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон дайчин Михайл Калашников зохиосон бөгөөд 1941 онд шархадсаныхаа дараа найдвартай ажилладаг автомат буу зохиох бодол төрсөн гэж тэр ярьдаг. Автомат винтов бүтээх анхны оролдлогууд нь амжилтгүй болсон хэдий ч түүнийг зөвлөлтийн зэвсэг зохион бүтээх салбарт томилсон бөгөөд 1947 онд тэрээр өөрийн алдарт зэвсгээ бүтээсэн. Түүнээс хойш “АК-47” алдаршиж, маш өргөн тархсан бөгөөд дэлхийн 50 гаруй улсын армид хэрэглэгдэж байгаа ба Мозамбик улс өөрийн төрийн далбаа дээр “АК-47”-г залсан байдаг.

Өнгөрсөн оны 11 сард 90 насны ой нь тохиоход Калашниковыг Оросын дээд одонгоор шагнасан юм. Шагнал гардуулахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев “АК-47”-г “Орос иргэн бүрийн бахархал болсон үндэсний бренд” гэж сайшааж байжээ.

Дашрамд дурдахад 2011 оноос ОХУ-ын ДНБ жилд 3-6 хувиар өсөх болно гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өчигдөр мэдэгдсэн. Энэ тооцооллыг Оросын засгийн газар 2011 оны төсвөө зохиохдоо болон 2012-2013 оны төлөвлөгөөнүүддээ үндэслэл болгон ашиглах болно гэж “РИА Новости” агентлаг дамжуулаад байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж