Пхеньян харилцан үл довтлолцох гэрээнээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2013.03.09-нд нийтлэгдсэн

Пхеньян харилцан үл довтлолцох гэрээнээс татгалзав

Өмнөд Солонгостой байгуулсан харилцан үл довтлолцох, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зэрэг бүх гэрээнээс татгалзаж буйгаа БНАСАУ зарлав. Мөн хөрш хоёр орныг  шууд холбосон телефон холбоог тасалжээ.

Хойд Солонгос өнгөрсөн баасан гаригт Пхеньян, Сөүл хоёрын хооронд үйлчилж байсан харилцан үл довтлолцох гэрээнээс татгалзсанаа зарлаад хоёр орны хооронд байсан утсан холбоог тасаллаа. Энэ талын цохих мэдэгдлийг Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулсан байна.

"Өмнөд Солонгосын тоглоомын эрх баригчид АНУ-тай хуйвалдан нүдэндээ цус хуралдуулан бидэнд довтлохоор эрмэлзэж байгаа цагт Хойд, Өмнөдийн зэвсэгт хүчнийг хэрэглэхгүй байх, санамсаргүй мөргөлдөөн гаргахгүй байх, сөргөлдөөнийг мөн хилийн асуудлыг энхийн замаар зохицуулах зорилготой Харилцан үл довтлолцох гэрээ учир утгаа алдлаа” гэж Пхеньяны мэдэгдэл өгүүлжээ.

Хоёрдугаарт, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай Сөүлтэй хамтран хийсэн  мэдэгдлээ “аль эрт хүчингүй” болсон гэж Хойд Солонгос үзэв. Гуравдугаарт, хоёр Солонгосын цэргийн төлөөлөгч нарыг холбосон Пханмунжийн цэрэггүй бүс дэх цэгийн цорын ганц  шуурхай утсан холбоог тасалж буйгаа Пхеньян мэдэгдэв.

Хэд хоногийн өмнө, 1950-1953 оны Солонгосын дайнд НҮБ-ын тугийн дор байлдаж байсан АНУ-тай үзэглэсэн Гал зогсоох гэрээний үйл ажиллагааг зогсоож буйгаа БНАСАУ зарласан юм.

Хоригийн хариуд нь

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, хоёрдугаар сарын 12-нд хийсэн цөмийн туршилтынх нь улмаас Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгасан тогтоол гарсны дараа Хойд Солонгос бүх гэрээ хэлцлээсээ татгалзлаа. Пхеньяны эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан дөрөв дэх удаагийн энэ тогтоолоор,  Банк, санхүүгийн ажиллагааг Хойд Солонгостой явуулахгүй байх, мөн тус улсын дансыг битүүмжлэх арга хэмжээ авч байна. Цөмийн зэвсэг бүтээхэд хэрэгтэй материал ачсан онгоцнуудыг дэлхийн бүх улс орнууд өөрийн нутаг дэвсгэрийн дээгүүр өнгөрөөхгүй. Мөн тийм ачаа ачсан байж магадгүй хөлөг онгоцнуудыг боомтуудад оруулахгүй болж байна.

Тогтоолын төсөлд БНАСАУ дипломат эрхийг урвуулан ашиглаж байна гэж үзэв. Мөн тогтоолын дагуу баллистик пуужин бүтээхэд хэрэглэх шатах, тослох материал болон хоёрдмол зориулалтын материалыг Хойд Солонгост экспортлохыг хориглохоор болжээ. Тансаг хэрэглээний бараа, үнэт эдлэлүүд, люкс ангиллын машин, спорт машинууд, дарвуулт завь зэргийг Хойд Солонгост худалдаж болохгүй болж байна.  Мөн баримтад хамрагдах албан байгууллага, хувь хүмүүсийн жагсаалтыг өртгөжээ.

Гэхдээ Хойд Солонгосын эрс мэдэгдлүүдийн гол шалтгаан нь АНУ, Өмнөд Солонгосын цэргийнхний "Ки ризолв", "Токсури-Фоул игл" гэх хамтарсан хээрийн сургууль болж байна.

Дэлхий нийт НҮБ-ын тогтоолыг хэрхэн хүлээн авав

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг “өндөр үнэлж буйгаа” баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг Токио үр дүнтэй  биелүүлэхээ амлажээ. “Өдөөн хатгалагт хэзээ ч оролцохгүй байхыг БНАСАУ-д уриалж байна” гэж Абэ хэлсэн байв.

Хоёр Солонгос харилцан мэдэгдэл хийсний дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас талуудад хандан хойгийн тогтвортой байдлыг хурцатгах үйлдлээс татгалзаж, тайван байхыг уриалав.

Европын холбооны Гадаад хэргийн Дээд комиссар Кэтрин Эштон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, хоёрдугаар сарын 12-нд хийсэн цөмийн туршилтынх нь улмаас Пхеньяны эсрэг хориг арга арга хэмжээг чангатгасан тогтоол гаргасанд баяр хүргэв. Эштон Хойд Солонгосын эрх баригчдад хандан заналхийх ажиллагаагаа зогсоож, ард түмнийхээ амьжиргааг сайжруулах талаар ажиллах тухай бодохыг уриалжээ.

Германы Гадаад хэргийн сайд Гвидо Вестервелле Хятадын эрх баригчдад хандан Пхеньяныг өдөөн хатгалгаас татгалзуулах талаар нөлөөлөхийг хүссэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Пхеньяны эсрэг хориг арга арга хэмжээг чангатгасан тогтоол гарсаныг Франц дэмжжээ.

Фото: Getty Images/Fotobank.ru

Хэрэв Пхеньян Өмнөд Солонгост цөмийн урьдчилсан цохилт өгвөл БНАСАУ-ын өнөөгийн дэглэм газрын хөрснөөс арчигдана гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв.

"Хэрэв Хойд Солонгос Өмнөд Солонгост цөмийн довтолгоон хийвэл Ким Чен Унын дэглэм газрын хөрснөөс арчигдана” гэж Сөүлийн мэдэгдэлд онцолсон байна.
 
“БНАСАУ-ын ямар ч довтолгооныг няцаах чадвар АНУ-д бий” гэж Цагаан ордон баасан гаригт мэдээлжээ. Цагаан ордны төлөөлөгч хэлэхдээ АНУ бусад орнуудтай хамтран БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхэд нь хязгаар тавихаар ажиллаж байна гэв.
 

Үүний өмнө пүрэв гаригт Хойд Солонгос шаардлагатай үедээ АНУ-д цөмийн цохилт өгнө гэж мэдэгдсэн юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж