Н.Төгсцогт аваргын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.03.09-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт аваргын төлөө тоглоно

Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Германы Халле хотноо үргэлжилж буй “Химийн цом”-ын тэмцээний аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Жин жингийн шилдэг найман боксчин урилгаар оролцдог тус тэмцээнд дэлхийн 18 орны 100 гаруй боксчин оролцож байна.

Олон улсын “А” зэрэглэлийн “Химийн цом”-ын 40 дэх удаагийн тэмцээнд Монголын зургаан тамирчин хүч сорьсноос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Ж.Еркин /52 кг/ нар хүрэл медалийн болзол хангаж, медалийн өнгө хувиргах тоглолтод дийлдсэн бол Гавьяат тамирчин Н.Төгсцогт аваргын төлөө тоглохоор болоод байна.

Лондонгийн зуны олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт 56 кг-ын жинд дөрөвний нэг шигшээд Германы Омар эл-Хагийг 19:9 харьцаатай ялж, улмаар хагас шигшээд ОХУ-ын тамирчин Владимир Никитинийг 13:7 харьцаагаар буулган авсан байна. Тэрбээр өнөөдөр аваргын алтан медалийн төлөө Францын боксчин Энтони Бретэй тоглох юм.

Залуу тамирчин Г.Ган-Эрдэнийн тухайд 49 кг-д шөвгийн наймын шатанд Мавритусын тамирчин Корнет Дидьег 20:8-аар ялж, хүрэл медалийн болзол хангасан ч хагас шигшээд Казахстаны Биржан Жакыповд дийлдлээ. Тоглолт эн тэнцүү өрнөж, 15:15 харьцаатай оноо тэнцсэн бөгөөд шүүгчдийн саналаар Казахстаны тамирчинд ялалт өгсөн байна.

52 кг-д Ж.Еркин шөвгийн наймд Унгарын боксчин Норберт Калуяг 21:15-аар ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Харамсалтай нь, медалийн өнгө хувиргах тулаанд ОХУ-ын шилдэг тамирчин Миша Алоянд ялагдаж, хүрэл медаль дээр буусан байна.

ОУХМ Д.Отгондалайгийн хувьд 60 кг-д эх орноо төлөөлж, шөвгийн наймд буюу хүрэл медалийн төлөө ОХУ-ын боксчин Адлан Абдурашидовтой тулалдсан. Тоглолтын хоёрдугаар үед манай тамирчны хөмсөг задарснаар шүүгч тоглолтыг зогсоож, өрсөлдөгч тамирчинд ялалт өгсөн байна.

Монголын шилдэг боксчдын нэг ОУХМ З.Энхзоригийн тухайд 64 кг-ын жинд тоглож, эхний тулаандаа Данийн боксчин Инок Мвандилаг 14:5-аар ялсан ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Казахстаны Мерей Ашкаловт 5:19 харьцаатай ялагджээ.

Мөн 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Францын Чабане Феимийг 12:8 харьцаатай ялж, хүрэл медалийн төлөө ОХУ-ын Андрей Замкововтой эн тэнцүү өрсөлдөж, ганцхан онооны зөрүүгээр буюу 11:10 харьцаатай дийлдсэн байна.

Баг тамирчид Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор “Химийн цом”-д өрсөлдөж байна. Боксчид тус тэмцээний дараа Чехийн Усти-над-Лабем хотноо болох Гран-при тэмцээнд оролцох юм.

Сануулахад, Монголын боксчид "Химийн цом"-оос гурван алтан медаль хүртэж байсан түүхтэй. Анхлан 1986 онд Гавьяат тамирчин Н.Энхбат "Химийн цом"-ын аварга болж байсан бол 20 жилийн дараа Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алтан медаль хүртсэн юм. Хамгийн сүүлд 2009 онд “Химийн цом”-ын тэмцээнээс Б.Жавхлан аваргын алтан медаль, Д.Отгондалай мөнгөн медаль зүүж байсан бол өнгөрсөн жил П.Сэрдамба мөнгөн медалийн эзэн болж байсан юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж