-Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Энэхүү баярыг анх удаагаа хэрхэн тэмдэглэж байна?
-Баярлалаа. Бүх эмэгтэйчүүд, ээжүүддээ баярын мэнд хүргэе. Хүйсээ солиулж албан ёсоор эмэгтэй болсоноос хойш тэмдэглэж байгаа анхны мартын 8. Сэтгэл өндөр байна. Найз нөхөд маань бэлэг илгээн баяраа сайхан тэмдэглэж байна. Сая л гэхэд би “Schwarzkops” салонд брэндийн бүтээгдэхүүнээр үйлчлүүлээд ирлээ.
-Таныг ойрд Эрүүл мэндийн яамаар ажил хөөцөлдөөд явна гэж дуулсан?
-Би өнгөрсөн оны долдугаар сараас эхлээд Иргэдийн бүртгэл мэдээллийн төвөөр бичиг баримтаа хөөцөлдөж яваад иргэний цахим үнэмлэх, гадаад паспортаа шинэчлэн гаргуулж, тэтгэвэрээ тогтоолгосон. Өнөөдөр надад ганцхан асуудал тулгараад байгаа юм. Өнгөрсөн жил би гадаадад мэс ажилбарт орохдоо өөрийн зардлаар явж хийлгэсэн. Гадаадад мэс ажилбарт орохдоо өөрийн зардлаар явж хийлгэсэн тохиолдолд нөхөн олговор болох боломжтой бөгөөд тодорхой хэмжээний мөнгийг авдаг заалт байдаг. Энэ талаараа Хүрэлбаатар даргыг Эрүүл мэндийн яамны сайд байх үед нь уулзахад "Одоо би ажлаа хүлээлгэж өгч байгаа. Дараагийн сайдаар энэхүү асуудлаа шийдүүлээрэй" гэж албаны хүнээр дамжуулан хариу өгсөн. Тэгээд С.Удвал сайдыг ажлаа авсанаас хойш өдий болтол уулзаж чадаагүй л байна.
-Яагаад?
-Эрүүл мэндийн яаман дээр очоод Сайдтай уулзах гэтэл бүтээгүй л байна. Би Эрүүл мэндийн яамны эмнэлэгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргалтай утсаар холбогдоход “Та яагаад энэ хагалгааг гадаадад хийлгэсэн юм бэ? Монголд хийлгэх боломжгүй байсан юм уу” гэж асуусан шүү. Тийм зүйл ярьж байгаа хүнтэй чинь юу ч ярих вэ дээ гэж бодогдлоо. Хэрвээ хүйс солих мэс ажилбарыг Монголд хийдэг байсан бол би юу гэж Тайландыг зорих вэ дээ. Тэгээд Соёлгэрэл эмчтэй холбогдоход таны мэс ажилбар гадаадад хийлгэх мэс ажилбарын тоонд ороогүй байна гээд байгаа юм. Угаасаа л ороогүй, би Монголоос анх удаа ийм төрлийн мэс ажилбарыг хийлгэсэн анхны хүн шүү дээ. Миний дараа гарч ирэх үгүйг мэдэхгүй.
-Та Тайланд явахаасаа өмнө яамны холбогдох хүмүүстэй уулзаагүй юм уу?
-Уулзсан шүү дээ. Тэр үед таныг ийм хагалгаа хийлгэсэн гэж хэн батлах юм бэ? Хийсэн үгүйг бид мэдэхгүй гэсэн. Тэгээд л хагалгаагаа хийлгэж ирээд энэ асуудлын араас хөөцөлдөж байна.
-Гадаадад мэс ажилбар хийлгэх нэрсийн жагсаалтад багтаагүй юм бол нөхөн олговор авахгүй юм уу?
-Үгүй ээ. Өөрийн зардлаар Монголд хийж болохгүй мэс ажилбарыг гадаадад хийлгэсэн тохиолдолд нөхөн олговор өгнө гээд журам нь байгаа юм.
-Нөхөн олговорт хэдэн төгрөг өгдөг юм бэ?
-Өмнө нь гадаадад өөрийн зардлаар хагалгаа хийлгэсэн тохиолдолд 70-80 хувийг нөхөн олговор болгон эргүүлж өгдөг байсан ч сая шинэ тогтоол гараад ямар ч мэс ажилбар хийлгэсэн таван сая төгрөгийн нөхөн олговор өгнө гээд заачихсан юм билээ.
-Таныг шинэ кино зохиол дээр ажиллаж байгаа гэж дуулсан?
-Тийм ээ, “Өрөөсөн ээмэг” гэдэг кино зохиолоо бичээд дууссан. Өөрийнхөө амьдралаар олон ангит кино зохиол бичсэн. Одоогоор хамтран ажиллах газраа хараахан сонгоогүй байгаа. Дэлгэцийн бүтээл болгохоор ажиллаж байна даа. Харин өөрийнхөө тухай бичиж буй ном маань бэлэн болсон. "Өрөөсөн ээмэг" киног дэлгэцэнд гарсны дараа уншигчдын гарт хүргэхээр төлөвлөөд байгаа.