Бразилын нэрт хөлбөмбөгч, Дэлхийн аварга, Дэлхийн аваргын түүхэн дэх шилдэг мэргэн бууч Роналдо Английн “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Сэр Алекс Фергюсоны өөрийнх нь тухай үгэнд эмзэглэж, эгдүүцэж буйгаа илэрхийллээ. Аваргуудын лигт “Реал”-тай баг нь тоглохын өмнө Фергюсон Роналдо, Криштиано Роналдо нарын тухай ярихдаа бразил хөлбөмбөгчийг “бүдүүн” хэмээн онцолсон юм. Гэхдээ шотланд мэргэжилтэн энэ үгийг сэтгэлд дотно санагддаг хөлбөмбөгчөө хайрласны улмаас амнаасаа гаргасан үг гэж тайлбарласан. Гэлээ ч энэ нь Роналдод тааламжгүй санагджээ.
“Би бүдүүн гэж үү? Би 17 кг жин хасчихаад байна шүү дээ. Ийм хүндлэлгүй үг түүний амнаас сонсоход үнэхээр харамсалтай сонсогдож байна. “Сэр” хэмээх өндөр хэргэмтэй хүмүүс ийм үг хэлж болдог юм уу. Би хөлбөмбөгт хүрсэн амжилтаараа бахархаж явдаг шүү” хэмээн Роналдо өгүүлсэн байна.
Эх сурвалж: www.new.mn