Америк-Өмнөд Солонгосын армийн хамтарсан хээрийн сургуулийн хариуд Пхеньян АНУ-д цөмийн урьдчилсан цохилт өгөхөөр заналхийллээ. Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэлээр 1953 оны Өмнөд Солонгосчуудтай хийсэн гал зогсоох хэлэлцээрээс гарч буйг зарлав. Пхеньян эдгээр эрс мэдэгдлүүдийг БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдахын өмнө хийлээ. “АНУ өөрөө цөмийн дайныг өдөөж байгаа учраас бид өөрийн сонирхлыг хамаалахын тулд түрэмгийлэгчдийн штабуудад цөмийн урьдчилсан цохилт өгөх эрхээ эдэлнэ” гэсэн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдлийг тус улсын Цахилгаан мэдээний төв агентлаг тараасан байна.
Пхеньяны энэ хилэгнэлийн гол шалтгаан нь 1997 оноос эхлэн тасралтгүй явуулж буй Foal Eagle гэх жил тутмын хамтарсан хээрийн сургууль болж байна. Гуравдугаар сарын 1-нд эхлээд дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх Америк-Өмнөд Солонгосын армийн хээрийн сургуулилт нь хамгийн өргөн цар хүрээтэй цэргийн сургуулиудын нэг юм. Мөн гуравдугаар сарын 11-21-ний хооронд болох сургуулилтанд Австрали, Их Британи, Данийн цэргийнхэн оролцох юм.
Эдгээр хээрийн сургуулиудыг Пхеньян өөрийн улсад нэвтрэх бэлтгэл гэж үздэг. Харин АНУ ба БНСУ эдгээр сургуулиа хойд хөршийнхөө өсч буй заналын эсрэг авч буй арга хэмжээ гэдэг ажээ. Тэд хээрийн сургуулилтаа жил бүр хийгддэг гэдгийг онцолдог.
Эдгээрийн хариуд Хойд Солонгос өмнө нь ховорхон хийгдсэн өргөн цар хүрээтэй цэргийн сургуулиудыг хийнэ гэдгийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Ким Мен Сок өнгөрөгч пүрэв гаригт мэдээлсэн байна. “Нийт улс орныхоо хүрээнд Хойд Солонгос хээрийн сургууль хийж байсангүй. Хуурай замын, тэнгисийн мөн их бууны буудлага зэргийг тус тусад нь хийж байлаа” гэж тэр хэлжээ.
Хойд Солонгосын армийн хээрийн сургууль өдөөн хатгалаг гаргаж магадгүй гэдэгт Сөүл бэлэн гэнэ. БНАСАУ далайн ба хуурай замын хилээ хаасан гэх мэдээллийг Ким Мен Сок батлаагүй байв.
Пүрэв гаригт Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэлээр 1953 оны Өмнөд рүү хийсэн гал зогсоох хэлэлцээрээс гарч буйг зарласан материалтайгаар гарчээ. Пхеньян эдгээр эрс мэдэгдлүүдийг БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдахын өмнө хийлээ.
Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хүндрүүлэх арга хэмжээг авна. Цөмийн зэвсэг бүтээхэд хэрэгтэй материал ачсан онгоцнуудыг дэлхийн бүх улс орнууд өөрийн нутаг дэвсгэрийн дээгүүр өнгөрөөхгүй. Мөн тийм ачаа ачсан байж магадгүй хөлөг онгоцнуудыг далайд үлэг хийх бөгөөд боомтуудад оруулахгүй болж байна.
Тогтоолын төсөлд БНАСАУ дипломат эрхийг урвуулан ашиглаж байна гэж үзэв. Мөн тогтоолын дагуу баллистик пуужин бүтээхэд хэрэглэгдэх шатах, тослох материал болон хоёрдмол зориулалтын материалыг Хойд Солонгост экспортлохыг хориглохоор болжээ. Тансаг хэрэглээний бараа, үнэт эдлэлүүд, люкс ангиллын машин, спортын машинууд, дарвуулт завь зэргийг Хойд Солонгост худалдаж болохгүй болж байна.