Тусламжийн цуваа хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2013.03.08-нд нийтлэгдсэн

Тусламжийн цуваа хөдөллөө

Манай орны 18 аймгийн 96 сум зудтай, 16 аймгийн 88 сумын зудархуу байгааг Улсын онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэрээ Засгийн газарт мэдээлсэн.

Цас зудын улмаас малчдын ахуй амьдрал зутарч, эрүүл мэнд, гэр бүлийн амьжиргааны нөхцөл байдал нь хүндэрч, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Малчдадаа туслая” аяныг орон даяар өрнүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр “Малчдадаа туслая” аяны тусламжийн эхний хэсэг долоон аймгийн 24 сумд хүрэхээр хөдөллөө. Албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн хандивласан 600 тонн тэжээл, 50 сая төгрөгийн эд бараа бүхий энэхүү эхний тусламж Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Увс, Төв, Хөвсгөл аймгуудын өвөлжилт хүндэрсэн сумдад хүрэх юм. Тусламжийн цувааг мордуулах арга хэмжээ өнөөдөр -22-ын товчоо”-нд боллоо. Энэхүү арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Тамгын газрын дарга П.Цагаан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Мал ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.  

Энэхүү тусламжийн тэжээл нь “зудад хүндэрсэн нутгийн мал, шинээр бойжиж буй төл, байгалийн давагдашгүй зүйлийн өмнө хүчин мөхөсдөж буй малчин иргэдэд бага ч болсон дэмжлэг болно” гэдэгт итгэлтэй байгаагаа тусламжийн цувааг мордуулах үеэр албаныхан ярьж байлаа. Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг. Иргэдийг хүнсээр, хөнгөн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангасаар ирсэн түүхэн уламжлалыг хадгалан хамгаалах үүрэг Монгол хүн бүрийн эрхэм зорилго болохыг ч онцолсон юм.

Тусламж ойрхны аймгууддаа гэхэд өнөө шөнөдөө очно. Харин алслагдсан аймаг, сумдад тусламжийн цуваа гурван өдрийн дараа очно гэсэн тооцоо гаргасан аж. Зөвхөн Архангай аймагт л цагаан сараас хойш хэд хэдэн удаа цас орж хүйтэрсэн байна. Үүнээс болж зам даваа, малын бэлчээр цасанд дарагдсан гэнэ. Тус аймгийн мал төллөж эхэлсэн бөгөөд энэ жил аймгийн хэмжээнд нэг сая зургаан зуун мянган мал төллөх тооцоотой байна. Зудархуу байгаа тул мал өлдөж, хээл хаях зэрэг хүндрэл учирч байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш цаг хүндэрсэн газрын мал туйльдаж, тарга хүч муудсан байна. Архангай аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт зэрэг сум, мөн Эрдэнэмандал, Жаргалантын зарим хэсэг өвөлжөөнөөс хаваржаандаа хүрэхэд хүндрэлтэй, хаваржаа нь цасанд дарагдсан байгаа аж.

Б.БИЛЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж