Евро бүсийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нийт хэмжээ 0,5 хувиар унана гэсэн дүгнэлтийг шинжээчид өнгөрсөн пүрэв гаригт нийтэлсэн улирлын тайландаа гаргажээ. Европын төв банк (ЕТБ) энэ жилд евро бүсийн эдийн засгийн уналт нь төлөвлөснөөс гүнзгийрнэ гэж үзлээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Европын төв банк дээрх тоог 0,3 хувь гэж дүгнэсэн байлаа гэж Reuters сануулав. Зургаан сарын өмнө өсөлт 0,5 хувь хүрнэ гэсэн таатай тоог хэлж байсан билээ.
Европын төв банкны ерөнхийлөгч Марио Драги энэ сарын 7-нд Майнын Франкфуртад мэдэгдэхдээ 2013 оны хувьд евро бүсийн эдийн засгийн байдал аажмаар тогтворжих ба 2014 онд нэг хувийн өсөлт гарна гэлээ. “Байдал эмзэг байгаа ч евро бүсийн санхүүгийн зах зээлийн итгэл сэргэж байна” хэмээн Драги хэлсэн байв. Мөн тэрээр Европын орнуудын Засгийн газарт хандан шинэчлэлээ үргэлжлүүлэхийг уриалжээ.