ТТГ-ын даргыг батлуулах ажил унах шахав

Хуучирсан мэдээ: 2013.03.08-нд нийтлэгдсэн

ТТГ-ын даргыг батлуулах ажил унах шахав

Америкийн сенатын гишүүн Рэнд Пол тус орны Тагнуулын төв газрын шинэ даргыг батлах ажиллагааг 13 цагийн үг хэлэлтээрээ тасалсан тухай CBS News суваг дамжуулжээ. Сенаторын хэлсэн үгний эхний есөн цагийн яриа YouTube сүлжээнд тавигдсан байна.

Бүгд найрамдах намын сенатор Рэнд Пол ТТГ-ыг даргыг томилохын өмнөх Сенатын хэлэлцүүлэг дээр үг хэлэх зөвшөөрөл аваад “ярьж чадаж байгаа цагтаа л ярьсаар байх болно” гээд үгээ эхлэв. Пол уг хэлэлцүүлэг дээр байгаагүй ерөнхийлөгч Барак Обамагаас “террористуудтай холбоотой гэж сэжиглэгдсэн Америк иргэдийн эсрэг нисгэгчгүй онгоц хэрэглэхийг боль” хэмээн шаардлаа. Рэнд Пол завсарлага гарган намынхандаа үг хэлэх боломжийг өгч байв. Гэхдээ тэр индэртээ зогссоор байсан юм. Сенатын дүрмийн дагуу индэрт байгаа хүн хичнээн ч удаан ярьж болдог. Тэр нэгэн удаа чихэр хүлхсэн байв. Нэг сенатор индэрт нь цай, алим тавьж өгсөн ба түүнийг нь Сенатын хамгаалагчид хураан авчээ. Үг хэлж байхдаа тэр “Алиса ид шидийн оронд” гэх мэтийн хэд хэдэн зохиолыг ишлэн ярьсаар 13 цагийн үгээ дуусгажээ. Гэхдээ Рэнд Пол мөн л төдий чинээ хугацаагаар ярьж чадна гэдгийг сануулаад индрээс буусан байна.

Терроризмд буруутай гэх хүмүүсийн эсрэг нисгэгчгүй онгоцыг хэрэглэх эрх зүйн үндэслэлтэй баримтууд байгаа гэж өмнө нь Обамагийн мэдэгдсэн байр суурийг улстөрч олон цагийн үгээрээ шүүмжилсэн байв. Ерөнхийлөгч тэр нууц баримт бичгийг сенаторуудад танилцуулна гэж амласан байв.

Нисгэгчгүй онгоцыг терроризмтай холбоотой гэх Америк иргэдийн эсрэг хэрэглэх үү гэдгээ тодорхой хэлээгүй Обамагийн байр суурь түүний дургүйцлийг гаргасан байв. Түүний үзсэнээр тийм хэм хэмжээ баримтуудад заагдсан бол Америк иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт устгах ажиллагаанд хүргэх ажээ. Пол ерөнхийлөгчөөс ямар ч хамаагүй аргаар тэр заалтыг торуулахыг шаардсан байв. Тэр нь хэвлэлээр амлах эсвэл Twitter-тээ бичихэд л хангалтай гэж сенатор заав. Дээд танхимд цөөнх болж байгаа Бүгд найрамдахчууд урьд нь Терроризмтай хийх тэмцлийн Обамагийн зөвлөх байсан Жон Бреннаныг томилох ажиллагааг яаж ийгээд хойш татахыг эрмэлзэж байгаа. Тэд Ливид Америкийн элчин амь үрэгдсэн 2011 оны есдүгээр сарын халдлагын талаар дэлгэрэнгүйгээр олон нийтэд мэдээлэхийг Америкийн удирдлагад шахаж байгаа билээ.

Рэнд Полын хэлэлцүүлгийг сунгах гэсэн практикийг улс төрийн хэллэгээр «филибастер» (filibuster) гэдэг. Парламентын цөөнх өөрийн зорилготоо хүрэхийн тулд энэ аргыг хэрэглэдэг. Хуулийн дагуу сенатор хичнээн ч хугацаагаар ярьж болох бөгөөд түүнийг сенатын гишүүдийн тавны гурав буюу 60 хувийн саналаар тасалж болдог. Харин энэ журам Конгрессийн доод танхимд үйлчилдэггүй байна.

Гэхдээ АНУ-ын Сенат пүрэв гаригт Жон Бреннаныг Тагнуулын төв газрын даргаар баталжээ. Түүнийг 63 сенатор дэмжиж, 34 нь эсрэг санал өгсөн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж