
Гэр хорооллын дахин төлөвлөлт, авто замын нөхцөл, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар олон иргэд лавлав. Нийслэл хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар Засгийн газраас гаргасан бодлогын дагуу хотын захиргаа энэ хавраас ажлаа эрчимтэй өрнүүлнэ, харин хямд үнэтэй орон сууцны зээлийн бодлогоо Засгийн газар удахгүй зарлана гэж Ерөнхий сайд мэдэгдлээ. Таван толгой ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгжүүд хохирч байгааг нэгэн иргэн дуулгаж, ямар нэг зохицуулалт хийх эсэхийг лавласан юм. Тооцоо муутай “сонгуулийн жилийн ажил”-ын нэг энэ болохыг Засгийн газрын тэргүүн тодотгоод, хөрөнгөө оруулсан аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгох нь зүйтэй учир хувьцаа арилжаалах хугацаанд төвлөрсөн нийт 30 тэрбум орчим төгрөгийг тухайн компаниудад буцаан олгох зохицуулалт хийнэ гэлээ.
Аймгуудын Засаг дарга, томоохон эмнэлэг, их сургуулиудын удирдлагын томилгоотой холбоотой асуудлыг иргэд сонирхож байв. Ямар ч томилгоог хийхдээ нэг хүнийг нөгөөгөөр солихоос илүүтэйгээр тухайн салбарт хийх шинэчлэлийн төлөвлөгөө зорилтыг нь ил тод сонсож, оролцогчдын саналаар сонгон шийдвэрлэх зарчим барьж байгаа гэж Ерөнхий сайд хэллээ. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнд иргэд таатай хандаж байгаагаа илэрхийлж, цаашид архины хэрэглээнд ч ийм хязгаарлалт хийхийг санал болгож байв. Төрд үгээ хүргэх гэж танилын царай хардаг, даргын үүд сахидгийг халж, хэн ч хаанаас ч, өөрт тохиромжтой аль ч хэлбэрээр “11 11 төв”-д хандан санал бодлоо хэлэх боломжтой болсныг иргэд сайшаалаа. Төрийн түгжрэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилт тавьж буй Шинэчлэлийн Засгийн газар цаашид ч шат бүрт ийм хялбар тогтолцоог нэвтрүүлнэ. Засгийн газрын тэргүүнээс эхлээд танхимын сайд нар нь доод шатны байгууллага нэгжүүд, орон нутгийн удирдлага, түүгээр ч зогсохгүй иргэдтэйгээ цахим хэлбэрээр шууд холбогдон асуултад нь хариулдаг болсон нь түгжрэлгүй үйлчилгээний нэг хэлбэр хэмээн Ерөнхий сайд дурьдлаа.
“Өглөөний шинэ санаа” уулзалтаар хэлсэн хамгийн шинэлэг, бүтээлч саналыг шалгаруулж байх, энэ уулзалтад Засгийн газрын сайд нарыг оролцуулах санал гаргасныг Ерөнхий сайд дэмжиж, ирэх баасан гарагт сайд нараас оролцуулж эхэлье гэснээр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.