![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/3/f9bc20d87e75edab/77cb41d726016805original.jpg)
Хуулийн дагуу УИХ-аар батлагдан гарч байгаа хууль тогтоомжуудыг олон нийтэд сурталчлах үүргийг Засгийн газар хүлээдэг ч УИХ-аас энэ асуудалд анхаарал хандуулан хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох чиглэлээр тодорхой арга хэмжээг авч байгаа талаараа танилцуулсан юм. Тухайлбал, Төрийн мэдээлэл сэтгүүлийн шинэ дугааруудыг интернэт болон ухаалаг гар утсаа ашиглан үнэ төлбөргүйгээр татаж авах боломжтой болсон байна. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг орон даяар МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар, Улаанбаатар хотод Сансар кабель болон Univision үйлчилгээний хэрэглэгчдэд шууд дамжуулан хүргэж байна. Мөн интернетээр дэлхийн хаанаас ч УИХ-ын чуулганы хуралдааныг шууд хүлээн авах боломжтой юм. Цаашид Байнгын хороодын хуралдааныг шууд дамжуулах техникийн шинэчлэлийг хийж байгаа талаараа мэдээллээ. Үүнээс гадна орон нутагт байгуулсан УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвүүдийг нээлттэй, идэвхтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэн УИХ-аар хэлэлцэж байгаа хуулиудад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.
УИХ-ын Тамгын газар зарим олон улсын байгууллагуудтай хамтран ойрын хугацаанд “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих”, “Хууль сурталчлахад орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. УИХ-ын бүх үйл ажиллагааг www.parliament .mn цахим хуудсаар дамжуулан авах боломжтой бөгөөд Монгол Улсын 2013 оны Төсвийн бүх мэдээллийг энд байршуулсан байгаа хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ. Орон нутагт хуулийг сурталчлах ажилд хэвлэл, мэдээллийн үүрэг их байгааг онцлон цаашид хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.