Уг сургалтыг Олон улсын боловсролын Америкийн консул /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явуулж байгаа бөгөөд тус консулын ерөнхийлөгч, удирдах ажилтнууд сэтгүүлчдээс шалгалт авах ажлаар Монголд ирээд байгаа юм.
Олон улсын боловсролын Америкийн консулын ерөнхийлөгч Дэн Дэвидсон, дэд ерөнхийлөгч Дэвид Паттон, Стратеги, хөгжлийн газрын дарга М.Пэрэл, тус газрын менежер А.Гидаетов нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай уулзаж, сэтгүүлчдэд байгууллагынхаа талаар мэдээлэл хийлээ.
Олон улсын боловсролын Америкийн консулын ерөнхийлөгч Дэн Дэвидсон сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Тус консул дэлхийн 62 улстай хамтран үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн боловсролыг сайжруулах, туршлага солилцох тал дээр түлхүү анхаарч ажилладаг. АНУ-ын боловсон хүчнийг гадагш явуулж ажиллуулах, гадаад орны боловсон хүчнийг АНУ-д аваачиж сургадгаараа онцлог. Хамтран ажилладаг улс орны тоонд Монгол Улс 2013 онд шинээр нэгдэж орсныг хэлэхэд таатай байна. Олон улсын боловсролын Америкийн консул нь Америкийн 1000 гаруй их, дээд сургууль, гадаадын зуу, зуун их, дээд сургууль, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, ашгийн бус байгууллагатай хамтран ажилладаг. Бүх үйл ажиллагаа боловсрол, судалгаа, англи хэлний сургалтын хөтөлбөрт чиглэдэг” гэлээ.
Тус консулд 2010-2011 оны хооронд гадаадын орнуудаас суралцах хүсэлтэй 54901 хүн санал ирүүлснээс 3677 хүнийг хүлээн авч сургалтад хамруулжээ. Суралцагчдын төлбөрийг АНУ-ын Сангийн яам, Дэлхийн банк, сангууд төлдөг. Мөн суралцагч хувийн зардлаар суралцаж болдог байна. АНУ-ын 2886 иргэн тус консулын шугамаар гадаад орнуудад явж сурч, ажиллажээ.
Монголын сэтгүүлчдийн эхний ээлжийн сургалт АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр таарсныг Олон улсын боловсролын Америкийн консулын ерөнхийлөгч тэмдэглэлээ. Монголын сэтгүүлчид Америкийн улстөрчид, академичид, сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж Сэтгүүлчдэд зориулсан мэргэжлийн боловсролын төвд зочилсон байна.
Ноён Дэн Дэвидсон “Дэлхийн сэтгүүл зүй маш хурдацтай хөгжиж байна. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсандаа их баяртай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр тэрээр “Хараат бус хэвлэл мэдээлэл бол аль ч улс орны баталгаа болдог” гэж хэлсэн нь их чухал үг байлаа. Орчин үед интернэт сэтгүүл зүй өргөжиж байна. Тиймээс сэтгүүлчдийн боловсрол маш чухал болж байна” гэж байлаа.