УИХ-ын гишүүдийн хэргийг Чингэлтэйн шүүхэд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдийн хэргийг Чингэлтэйн шүүхэд шилжүүллээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгч, маргаан шийдвэрлэгдэхгүй жил шахмын хугацаа өнгөрч байгаа. Энэхүү хэргийг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд дэнслэх байсан ч хэлэлцсэнгүй. Учир нь Ц.Нямдорж шүүх бүрэлдэхүүнд хэргийг харъяаллын шүүхэд шилжүүлэх  хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч, хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд  хэвлэлийн бага хурал, "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэнээр маргаан эхэлсэн байдаг. Х.Баттулга гишүүн үүнийг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд 2012 оны тавдугаар сарын 18-нд гомдлыг хэлэлцээд, Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан билээ. Харин Ц.Нямдорж гишүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.

Улсын дээд шүүхэд энэ хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 02-нд хэлэлцээд, хэргийг анхан шатны шүүхэд буцааснаар хэргийг ийнхүү өнөөдөр шийдвэрлэх юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж