улсын Ческа Липа хотод ажиллаж амьдардаг 300 гаруй монгол иргэний 80
гаруй хүүхдэд эх хэл, соёлыг нь зааж сургах монгол хэлний таван сарын
дамжаа нээгдлээ.
Бяцхан үрс суугаа орныхоо сургууль, цэцэрлэгээр
хүмүүжин эх хэл, соёлоосоо хөндийрдөг талтай учир Прага дахь Монголын
ЭСЯ эцэг эхчүүдтэй нь ярьж зөвлөлдөн уг дамжааг нээхэд нь дэмжлэг
үзүүлж, цагаан толгой, сурах бичиг нийүүлж, байрны түрээс, багшийн цалин
хөлсийг нь даахаар шийдвэрлэжээ.
Дамжаанд одоогоор 1-3 дугаар
ангийн насны 20 орчим хүүхэд хамрагдаж, эх хэлээ шимтэн үзэн идэвх
чармайлт гарган суралцаж байна. Дамжааны багшаар Ческа Липа хотын
“Jonsoncotrols” үйлдвэрийн ажилчин Ш.Мөнхцэцэг ажиллаж байна. Тэрбээр
урьд нь Увс аймагт бага ангийн багшаар олон жил ажиллаж байсан дадлага
туршлага, идэвх санаачлагатай хүн бөгөөд багачуудын эцэг эх түүнд ам
сайтай байгаа аж.
Уг хотоос холгүй орших Литомержице хотод 500
гаруй монгол иргэн ажилладаг бөгөөд тэдний дотор гэр бүл үр хүүхэдтэй
улс дийлэнх нь ажээ. Тэд мөн удахгүй монгол хэл, соёлын дамжаанд
хүүхдүүдээ сургахаар ЭСЯ-ныхантай тохиролцоод байна. Үр хойчдоо хэл
соёлоо залгамжуулан сургах гэсэн энэ хөдөлгөөн Чехийн бусад хотуудад
суугаа монголчуудын дунд өрнөх төлөвтэй байгаа бөгөөд ЭСЯ-наас энэхүү
зүтгэл санаачлагыг урамшуулан дэмжиж, зохих дэмжлэг үзүүлэхээ
илэрхийлээд байгаа юм.
БНЧУ-д 5000 гаруй монголчууд ажиллаж
амьдарч байгаагийн 1000 гаруй нь 0-16 насны хүүхдүүд бөгөөд жилд шинээр
төрж буй хүүхдүүдийн тоо 100 давах болжээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.