“Absolute pictures” студийн М.Цэрэнсодном, П.Дэлгэрбаяр, Г.Энхбат нар “48 цаг Монгол 2012” наадмын ялагч болсон “Эзэгнэгч” бүтээлээ сойхоор АНУ руу хөлгийн жолоо заллаа. Уг наадам энэ сарын 7-10-нд “Wall of Fame” гудамжинд орших дэлхийд алдартай “Grauman’s Chinese Theater”-т болох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 127 киног дөрвөн өдрийн турш үзэж шилдгээ тодруулах юм байна.
“48 цаг Монгол 2012” бэсрэг кино наадмын шилдгээр шалгарч Олон улсын “48 цаг” кино наадамд оролцох эрх авсан “Absolute pictures” студийн "Эзэгнэгч" кино энэ сарын 10-ны өдрийн 13.00 цагт /АНУ-ын цагаар/ “Grauman’s Chinese Theater”-ийн тайзнаа гарна.
Олон улсын кино наадмын шилдэг киног 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнадаг бөгөөд шилдэг 16-д багтсан киногоор DVD гаргаж, Канны олон улсын кино наадмын “Бэсрэг киноны булан”-гийн үзлэгт оролцох эрхээр шагнадаг юм.