Австралийн Засгийн газрын зүгээс Хойд Солонгос өнгөрсөн сард цөмийн туршилт явуулсантай холбоотойгоор нийслэл Канберра хотод Элчин сайдын яамаа дахин нээх тухай тус улсын хүсэлтийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ. Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн Засгийн газарт хандан тус улсын нийслэл Канберрад өөрийн tлчин сайдын яамаа дахин нээх хүсэлт тавьсан билээ. Тухайн үед Австралийн Гадаад Hэргийн сайд Боб Карр Хойд Солонгосын дээр хүсэлтийг тус улсын Засгийн газрын зүгээс ойрын хугацаанд авч хэлэлцэн нааштай хариу өгөхөө мэдэгдэж байсан юм.
ВВС-ийн мэдээлснээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ чангатгах тухай албан ёсоор танилцуулсны дараах өдөр Австралийн Засгийн газраас дээрх шийдвэр гаргасан байна. НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг шинээр авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ нь тус улсын дипломат ажилчид болон бэлэн мөнгөний гуйвуулгын эсрэг чиглэсэн байна.
Хойд Солонгос улс Австралид анх 2002 онд Элчин сайдын яамаа нээж байсан бөгөөд сүүлд 2008 онд санхүүгийн хямралын улмаас элчингээ эргүүлэн татахад хүрсэн аж.
Б.АНХТУЯА