1,3 сая ам.долларыг завшсан хэргээр шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

1,3 сая ам.долларыг завшсан хэргээр шалгаж байна

1,3 сая ам долларыг завшсан хэрэгт гурван албан тушаалтныг шалгаж байна

Өнгөрсөн долоон хоногоос Зэвсэгт хүчний жанжин штабын генералуудыг шалгаж эхэлсэн байна. Эдгээр генералуудыг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө завшсан гэсэн үндэслэлээр  саатуулжээ. Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч Т.Дашдэлэг, Бямбажав нарыг албан тушаалаа урвуулан байлдааны зэвсэг, техникийн хэрэгслийг гуравдагч оронд худалдаалсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр өнгөрөгч долоон хоногоос эхлэн шалгаж буй. Энэ хэрэгт “Шинэ тариа” хувьцаат компанийн зөвлөх Ж.Бямбаноров оролцоотой гэсэн баримт олджээ. Улсын нөөцийн газрын даргаар ажиллаж байсан н.Бямбаноровтой холбоотой хэд хэдэн хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байна. 

Тухайлбал, тэрбээр Улсын нөөцийн газрын даргаар ажиллаж байхдаа мөн л албан тушаалаа урвуулан ашигласан, “Ургамал ЗМ” компанид ажиллаж байхдаа хотын төсвөөс 400 гаруй сая төгрөгийг 30 жилийн хугацаатай нэг хувийн хүүтэйгээр төлөхөөр зээл авсан зэрэг нь асуудал үүсгээд амжжээ. Дээрх албан тушаалтнуудыг зэвсгийн наймаа хийсэн гэх үндэслэлээр буруутгаж, энэ хэргийг нууцын зэрэглэлд хамруулж байгаа юм байна. Манай улс 1979 онд Зөвлөлт холбоот улсын зэвсэгт хүчинтэй байлдааны зэвсэг худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд түүнд техник ашиглалтын хугацаа нь дууссан ч гуравдагч оронд худалдаалахгүй буцаан тус улсад шилжүүлэх үүрэг хүлээсэн байдаг гэнэ. 

Гэтэл дээрх эрхмүүд нийлж сөнөөгч бөмбөгдөгч “МИ-21” онгоцны  моторыг Бүгд найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад худалдаалсан нь нотлогдвол  хөрш оронтой байгуулсан гэрээгээ зөрчсөн төдийгүй  олон улс дамжуулан зэвсгийн наймаа хийсэн гэдгээр буруутгагдах юм. Зэвсэг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй энэ хэргийн хувьд улс хоорондын гэрээ зөрчсөн төдийгүй онцгой бүтээгдэхүүн болох цэрэг, байлдааны зориулалттай тоног төхөөрөмжийг худалдаалсан гэх хэрэгт эрүү үүсгэн бригадын генерал Т.Дашдэлэг, Ж.Бямбаноров нарыг цагдан хорьж, ЗХЖШ-ын дарга Бямбажавыг хорихоос гадуур байцааж байгаа юм байна.

Цаашлаад энэ хэрэгтэй холбоотой зарим нэг баримтуудыг дүрс бичлэгээр баталгаажуулсан байж болзошгүй мэдээлэл байгаа юм байна. Энэ хэргийн холбогдох нийт мөнгөн дүн нь ойролцоогоор 1,3 сая америк доллар болж байгаа гэнэ. Хэргийг шалгах явцад энэ мөнгөн дүнд өөрчлөлт орж магадгүй байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж