Соёлын өвийг Гиннест бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Соёлын өвийг Гиннест бүртгүүлнэ

Гиннесийн номонд соёлын өвөө бүртгүүлэх нь тухай өвийг Монголынх хэмээн бататгах давуу талтай. Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх ажлыг өмнө нь амжилттай зохион байгуулж байсан бол энэ удаа Монголын соёлын бас нэг үнэт өв болсон бие, биелгээг алдарт Гиннест бүртгүүлэхээр болжээ. Энэ ажлыг “Их хөгсүү” холбоо салбарын яамтай нь хамтран эхлүүлээд байна.

Гиннесийн номонд бүртгүүлэхэд тухайн бүргүүлэх гэж байгаа зүйл нь дахин давтагдашгүй, урд нь болж байгаагүй гэсэн гол шалгуурыг хангаж байх ёстой байдаг аж. Дэлхий дахин хүссэн, хүсээгүй глобалчлагдаж байгаа энэ үед улс, үндэстэн бүр үндэсний түүх соёл, язгуур урлагаа хадгалж хамгаалах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх болон өв тээгчдийн мэдлэг оюуныг ирээдүйдээ өвлүүлэх тал дээр онцгой анхаарч байгаа юм.

Гэтэл эртнээс нааш нүүдэллэн амьдарч ирсэн манай үндэстний хувьд нүүдлийн замдаа соёлын өвөө нутаг бүртээ шингээж ирсэн нь өнөөдөр үндэсний өв соёлоо  хөрш орнуудтайгаа булаалдах хэмжээнд хүргэсэн билээ. Аль түрүүлж дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн, олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн нь өвөө авч үлддэг болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Тиймээс дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгүүлсэн бие, биелгээгээг олон улсад дахин баталгаажуулах, үүгээрээ дамжуулан ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуустаа үндэсний язгуур урлагаа таниулах, Монголоороо бахархах сэтгэл төрүүлэх, монгол омогшлыг бий болгохын тулд дээрх ажлыг санаачлан эхлүүлжээ.

Энэ ажлын хүрээнд улсын бие, биелээчдийн наадмыг зохион байгуулж, нийт 5000 бие, биелээчдийг оролцуулах гэнэ. 5000 биелээчдийг бэлтгэхэд хөрөнгө мөнгө, цаг хугацаанаас эхлээд олон зүйл шаардагдана. Тиймээс бие, биелгээгээ Гиннесийн номд бүртгүүлэхийн тулд орон даяар бие, биелгээний сургалт явуулж эхлүүлээд байгаа аж. Сургалт энэ оны  02-р сарын 15-наас 04-р сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тус сургалтад 18000 гаруй хүн хамрагдан суралцаж байгаа гэнэ. Тэднээс шалгарсныг нь Улсын баяр наадмын тайзнаа биелүүлж, Гиннесийн номд бичигдэх ажил хийгдэх нь.  Бие, биелгээ нь хүний биеийн бүхий л булчинг хөдөлгөж, спортын дасгал адил үр дүн өгдөг учраас эрүүл мэндийн талаасаа асар их ач тустай гэдгийг бие, биелээчид нэгэн дуугаар хэлж байна.

Эх сурвалж: www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж