В.Нямхандыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

В.Нямхандыг шүүх хурал хойшиллоо

Төрийн
нууц задруулсан хэрэгт сэжигтнээр шалгуулж буй Тагнуулын ерөнхий газрын
Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан, дэд хурандаа В.Нямхандын хэргийг
өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд дэнслэх байсан. Гэвч Улсын яллагч
өөрчлөгдсөн, В.Нямхандын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ Япон улсад семинарт сууж
байгаа гэх үндэслэлээр хурлыг энэ сарын 14-ныг хүртэл хойшлуулжээ. 

В.Нямхандыг
Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар
тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол
учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг
гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг
дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран
ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд
шилжин орсон” хэмээн буруутгаж буй.

Төрийн нууц задруулсан
хэргээр шалгагдаж буй В.Нямханд нь 1997-2009 он хүртэл ТЕГ-ын Сөрөх
тагнуулын албанд ажилласан. Ингээд 2009 оны долдугаар сард нийслэлийн
Тагнуулын газарт томилогдон ажиллаж байхдаа “Савана” ресторанд ТЕГ-ын
ажилтан, хурандаа Ж-ийн цолны баярт очсон хэсэг хүмүүстэй маргалдаж
зодолдсоноос үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Тэрбээр төрийн нууц
задруулснаас гадна тагнуулын байгууллагын хууль, дүрмийг зөрчсөн гэсэн
үндэслэлээр давхар буруутгагдаж байгаа юм. Тодруулбал, тагнуулын
байгууллагаас халагдсанынхаа дараа тус газрын албан хаагчдын мөрддөг
дотоод хууль, дүрмийг зөрчин сэжиг бүхий хүмүүстэй уулзан, гадаад улс
уруу зорчсон гэх мэдээлэл бий. Тагнуулын тухай хуульд зааснаар тагнуулын
ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш гурван жилийн дотор гадаад уруу
зорчихгүй байх, зайлшгүй шаардлага гарвал ҮАБЗ-д илтгэх хуудас бичиж,
зөвшөөрөл авах ёстой байдаг ажээ.  Гэтэл В.Нямханд үүнийг зөрчсөн нь
буруудах бас нэгэн үндэслэл болсон бололтой. Эх сурвалжуудын мэдээлж
байснаар В.Нямхандыг Хятадуудтай нэлээд ойр дотно байсныг нь
тагнуулынхан зургаан сар мөрдөж, баримтжуулж авсан,  түүнийг Монголд уул
уурхайн чиглэлээр ажилладаг, Хятад эзэнтэй компанийн хэд хэдэн
ажилтантай хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой байсныг илрүүлсэн
гэдэг. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын орд газартай холбоотой
нууцад хамаарах мэдээллийг урд хөршийн иргэдэд дамжуулж, 100 сая
ам.долларын гэрээ хийхийг оролдсон нь нотлогдсон гэх мэдээлэл ч бий.

Түүнийг
өнгөрсөн 2011 оны эхэн үеэс шалгаж эхэлсэн бөгөөд хэрэг мөрдөн
байцаалтад удаж,  шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байснаар
ийнхүү В.Нямхандын хэрэг шийдвэрлэгдэхгүй хоёр жилийн нүүр үзэж 
байгаа.  Түүний гэм буруутай нь шүүхээс  тогтоогдвол 16-25 жил хүртэлх
хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж