Нярай хүүхэд хулгайлж, хөнөөсөн хэрэг шуугиан дэгдээв

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Нярай хүүхэд хулгайлж, хөнөөсөн хэрэг шуугиан дэгдээв

Хятадад автомашины хулгайч хоёр сартай нярай хүүгийн амийг хөнөөсөн хэрэг томоохон шуугиан тариад байна. Хятадын Гирин мужийн цагдаагийн газраас мэдээлснээр Жоу Шижун гэгч эрэгтэй бусдын автомашиныг хулгайлан зугтсаныхаа дараа арын суудал дээр нь унтаж байсан нярай хүүгийн амийг хөнөөсөн аж. Цагдаа нарын мэдээлснээр гэмт хэрэгтэн Жоу Шижун нь өнгөрсөн даваа гаригт хулгайлсан автомашинаа Чанчүнь хотын нэгэн дэлгүүрийн гадна орхиод мотоцикл унан зугтсан гэнэ. Харин өчигдөр тэрээр цагдаа нарт өөрийгөө барьж өгөн, хэргээ хүлээсэн байна. Жоу Шижун нь хулгайлсан автомашиныхаа арын суудалд унтаж байсан нярайг багалзуурдан хөнөөгөөд цасанд булсан гэнэ. Хятадын цагдаагийн газраас нярай хүүхэд автомашины хамт хулгайлагдсан хэргийн дараа 3500 гаруй цагдаагийн ажилчин дайчлан гэмт хэрэгтнийг эрэн сурважлах ажиллагаа явуулсан аж.

Одоогоор энэхүү аймшигт хэргийн тухай дуулиан Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөд хүчтэй өрнөж байгаагийн зэрэгцээ хүрээнээс хальж, Хятадын Ардын Их Хурлыг хүртэл тус хэрэгт хамруулан шүүмжлэлийн бай болгоод байгаа гэнэ. Хятадын “Twitter” гэгддэг “Sina Weibo”-д 400 мянга гаруй хүн зөвхөн энэ хэрэгийн талаар шуугиж байгаа бол “Tencent Weibo”-д гурван сая хүн дээрх хэргийн талаарх жигшил зэвүүцэл, уур бухимдлаа илэрхийлжээ.

ВВС-ийн мэдээлснээр ихэнхи хүмүүс нярай хүүхдийн амийг хөнөөсөн балмад этгээдийг хараан зүхэж, цаазаар авахыг шаардаж байгаа бол зарим хүмүүс хүүхдэдээ хараа хяналт тавиагүй эцэг эхийг буруутган зэмлэж байгаа юм байна.

Үүний зэрэгцээ “Buick” тансаг зэрэглэлийн автомашин борлуулагч компанийн зүгээс нярай хүүхдийн үхлээр “PR” хийсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Тус компани цахим хуудсандаа өөрийн автомашинаа “GPS”-тэй тул хулгайлагдсан тохиолдолд хаана байгааг нь илрүүлэх боломжтой хэмээгээд амь үрэгдсэн хүүгийн зургийг ашиглан хэрэглэгчдийн анхаарлыг татах оролдлого хийсэн байна. Гэхдээ компанийн зүгээс дээрх зохисгүй үйлдэлдээ хүлцэл өчжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж