Лениний музейг хүлээлгэж өгсөнгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Лениний музейг хүлээлгэж өгсөнгүй

Лениний музейг өнөөдөр 11.00 цагт хүлээж авах байсан ч ашиглагч тал буюу МАН-ын удирдлагуудаас ирж хүлээлгэж өгсөнгүй.  Тодруулбал, Спорт соёл аялал жуулчлалын яам болон Төрийн өмчийн хороо хамтран гурван өдрийн өмнө МАН-ын удирдлагуудад музейн барилга, үзмэрүүдийг хүлээж авах тухай албан бичиг явуулжээ. Гэвч өнөөдөр албан бичгийн дагуу музейг хүлээж авах байсан бол МАН-ын удирдлагуудаас хүрэлцэн ирээгүй учраас тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

Лениний музей 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар төсвийн хөрөнгөөр баригдаж, Намын түүхийн институтыг татан буулгасны дараа МАХН буюу одоогийн МАН одоог хүртэл дамжуулан ашиглаж иржээ. Өнгөрсөн жилээс эхлээд олны анхааралд байгаа Лениний музейн ашиглалтын асуудлыг ийнхүү яаралтай шийдэх болсон нь 2013 оны нэгдүгээр сард гаргасан Засгийн газрын тогтоолоос үүдэлтэй. Тогтоолд Лениний музейг зориулалт ёсоор нь ашиглаж, үлэг гүрвэлийн музей болгох тухай шийдсэн юм.

Саяхныг хүртэл музейн зориулалттай ганц барилгад “Окта” худалдааны төв, ресторан паб, бичиг хэргийн худалдаа гээд төрөл бүрийн үйлчилгээний газрууд ажилладаг байсан бол ийнхүү музейн барилгыг яаралтай хүлээж авах арга хэмжээг эхлүүлж байна. Энэ талаар Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлээс тодрууллаа.

-Музейг өнөөдөр хүлээж авна гэж байсан. Яагаад хойшлогдох болж байна?

-Бид МАН-д өнөөдөр хүлээж авна гэсэн албан бичиг явуулсан ч өнөөдөр хүрч ирж, хүлээлгэж өгсөнгүй. Сая МАН-ын дарга Ө.Энхтүвшин рүү утсаар ярьлаа. Ингэхэд музейг хүлээлгэж өгөхийг шаардсан албан бичгийн тухай одоо ярилцаж байна гэж хариулсан. Тиймээс бид хариугаа яаралтай өгч, хүлээлгэж өгөхийг шаардлаа.

-Хэчнээн үзмэрийг хүлээн авах вэ?

-Ер нь музейн барилга болон түүнд  хадгалагдаж байсан бүх цаг үеийн үзмэрүүдийг хүлээж авна. Анх байгуулагдаад, одоог хүртэл нийт хэдэн үзмэр байдаг тухай бүртгэл бидэнд байхгүй. Гэхдээ бид өөрсдийн хэмжээнд тухайн үеийн кино, цуглуулсан баримт сэлтээс харахад, нийт 4963 үзмэр байж гэсэн тооцоо гаргасан.

-Музейг хэрэв хүлээгээд авчихвал ямар ажлуудыг хийх вэ?

-Ямартай ч эхний ээлжинд музейгээ хүлээгээд авчихвал бүрэн хэмжээний тооцоо хийнэ. Ингээд ямар засварыг яаж хийх вэ гэдгээ тогтоод, хөрөнгөө батална.

-Саяхан Үндсэн хуулийн цэц саяхан Лениний музейг МАН-ын өмч мөн гэдгээр нотоллоо гэсэн мэдээлэл тархсан шүү дээ. МАН-ын өмч гэдэг нь тодорхой болчихсон бол хүлээлгэж өгөх шаардлагагүй юм биш үү?

-Үндсэн хуулийн цэц бол аливаа өмчийн эзэмшигч, ашиглагчийг тогтоох эрхгүй. Цэцээс Лениний музейтэй холбоотой тогтоолын хувьд 1997 онд шүүхийн гаргасан МАН-ын өмч мөн гэсэн шийдвэрт ямарваа дүгнэлт өгөх, өөрчлөлт хийхгүй бөгөөд аливаа маргаан үүсгэхээс татгалзсан тухай дурдсан байсан. Гэсэн ч энэ оны эхээр Засгийн газраас үлэг гүрвэлийн музей болгоно тогтоол гарч, тодорхой үүрэг чиглэл боллоо шүү дээ.

– МАН урьд нь энэ барилгыг төрөл бүрийн зориулалтаар түрээсэлж байсан. Нэгэнт л Засгийн газрын тогтоолоор музейг авах гэж байгаа хойно түрээсийн ашиг орлогыг хэрхэх бол?

-Энэ талаар асуудал яригдаагүй байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж