Латин Америкийн энхтайвны бэлгэ тэмдэг болсон Уго Чавес хорт хавдрын улмаас 58 насандаа таалал төгссөн талаар дэд ерөнхийлөгч Николас Мадуро албан ёсоор мэдэгдлээ. Чавес манай цагаар өчигдөр өглөөний 05:55 цагт амьсгал хурааж, Венесуэль даяар гашуудал зарлалаа. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн турш Куба улсыг үе, үе зорин эмчлүүлж байсан ч оны өмнө хорт хавдар нь сэдэрч, хэмжээ нэмэгдсэн аж. Тиймдээ ч арванхоёрдугаар сарын дундуур У.Чавес Кубын нийслэлд хорт хавдар авахуулах дөрөв дэх мэс заслаа хийлгэсэн ч бие нь муудсаар байсан билээ. Эх орондоо ирэх шийдвэрийг өөрөө гаргасан бөгөөд хоёр охинтойгоо эх нутагтаа уулзаж, амьсгал хураах хүсэлтэй байсан талаар түүний туслах гашуудан ярьсан юм.
Эрүүл мэндийн байдлаас болоод тэр өөрийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож чадаагүй. Хамгийн сүүлд хийлгэсэн мэс заслын дараа олны өмнө гарч ирээгүй байсаар байгаад таалал төгссөн билээ. Түүнийг амьд байгаа эсэх дээр сөрөг хүчнийхэн болон иргэд эргэлзэж эхэлсэн бөгөөд олны өмнө амьд сэрүүн байгаагаа харуулах ёстой гэсэн байр сууринаас хандаж байсан нь саяхан. Ажиглагчид түүнийг эх орондоо ирсний дараа удалгүй таалал төгссөн байх магадлал өндөр гэдгийг онцлоод, нас барсан хугацааг өөрчилсөн байх талтай гэдгийг мэдэгдсэн юм.
Өдгөө Венесуэль улсын ирээдүй, цаашлаад Латин Америкийн холбооны удирдлага цаашид түүнгүйгээр хэрхэн ажиллах нь дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. Тэрээр 1999 оноос хойш тус улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд 2011 онд анх хорт хавдартай болсон гэдгээ мэдсэн. Янз бүрийн химийн эмчилгээ хийлгэж, хорт хавдрын идэвхжлийг багасгаж, амьд явах хугацаагаа хэд хэдэн удаа уртасгаж байсан нь нууц биш. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулж чадсанаар дахин дөрвөн жилд улсынхаа төрийн эрхийг барих болсон юм.
Хэвлэлээр “Түүнд дөрөвхөн сарын амьд явах хугацаа байгаа” гэсэн мэдээлэл өнгөрсөн арваннэгдүгээр сард цацагдаж байсан ч энэ бүхнийг богино хугацаанд няцааж чадсан билээ. Гэвч хаанаас энэ мэдээлэл задарсан нь мэдэгдэхгүй ч үнэн байсан бололтой.
Латин Америкийн орнуудын хэвлэлээр түүний үхлийн талаар “Венесуэлийн Баринас мужийн Сабанета тосгонд мэндэлсэн түүний хувь тавилан энд хүрээд дууслаа” гэх нийтлэл гарсан нь хамгийн их уншигчид хүрсэн юм. У.Чавесийн төрсөн нутагт иргэд бараг бүгд шахуу фермерийн аж ахуй эрхлэн амьдардаг байжээ. Тосгоны сургуульд багшилдаг эцэг, эх нь боловсролтой хүмүүст тооцогддог байсан аж. Эгэл жирийн гэр бүлээс төрсөн түүний улс төрийн замнал түүний эцэг Уго де лос Рейестой шууд холбоотой. Түүний эцэг мужийн боловсролын газрын дарга болж хожим Баринас мужийн захирагч болсон түүхтэй. Гэр бүлийн хувьд ядууд тооцогдож байсан ч дунд сургууль, их сургуульд сурч байх үедээ бэйсболын сайн тоглогч байжээ. Тиймдээ ч ядуу зүдүү амьдралаас гарч чадсан гэдэг. Түүний давуу байдал цэргийн их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгосон. Улмаар сургууль төгсөөд хэдхэн жилийн дараа тусгай албаны шүхэрчдийг захирч эхэлсэн байна. Түүний удирдах чадвар яг энэ үеэс л олны дунд алдарших болов. Ядуу буурай амьдралаас гарч ирсэн залуу Шударга ёсны төлөө тэмцэгч нэгэн гэдгээ баталсан бөгөөд авлигыг үзэж чаддагүй байдал нь нэр хүндийг нь дээшлүүлж байлаа. Тиймдээ ч зэвсэгт хүчинд ажиллаж байхдаа дээд албан тушаалтай цэргүүд авлига хээл хахууль авдаг явдлыг олны өмнө дэлгэсэн удаатай. Энэ байдал даамжирч 1992 онд “Боливарын хувьсгалт хөдөлгөөн” нэртэй хөдөлгөөнийг байгуулсан. Энэ хөдөлгөөнийг дэмжсэн иргэд 12 мянгад хүрч, төрийн эргэлт хийх гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн. Ингээд хоёр жилийг шоронд өнгөрүүлсэн байна. Улмаар 1998 онд шоронгоос гараад шууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн байна. Нийт сонгогчдын саналын 56 хувийг авснаар улсын шинэ Ерөнхийлөгч, шинэ хүчин Венесуэль улсад ийнхүү бий болсон юм.
Төрийн эрхийг гартаа атгаснаас хойш төрийн мэдлийн бүх агентлаг, салбарт баян ядуугийн ялгааг арилгах зорилгоор шинэчлэлт хийсэн юм. Үр дүн санасныг бодвол хурдан гарч, иргэдийн итгэлийг ч олж чадаж байлаа. Үндсэндээ түүний хийсэн шинэчлэл Венесуэль улсыг өөрчилсөн. Тиймээс л өдийг хүртэл Ерөнхийлөгчийн сэнтийд он удаан жил сууж чадаж байгаа талаар ажиглагчид тайлбарласан байдаг. Зарим нь түүнийг “Эмх замбараагүй, хөл толгой нь олдохгүй үймж асан Венесуэл улсыг тогтворжуулж, социалист замаар хөгжүүлэх эхлэлийг тавьж чадсан” ч гэдэг.
Хорвоогийн мөнх бусыг үзсэн түүнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хагуэ, Аргентиний Ерөнхийлөгч Кристин Фернандез нар эмгэнэл илэрхийлсэн юм. Түүний үхэл Венесуэль төдийгүй Латин Америкийн орнуудад хүнд цохилт болсон. Уго Чавесын Вашингтон болон Европын орнуудын эсрэг өөрийн улсын ашиг сонирхлоо нуулгүй илэрхийлж чаддаг шийдэмгий зан чанар нь Латин Америкийн холбооны гол цөм болж чадсан. Тэр ч утгаараа өнөө цагийн хамгийн шударга улстөрч шагналыг хүртэж байсан удаатай. CNN агентлагийн үзэж буйгаар түүний удирдсан сүүлийн 14 жилийн турш Венесуэль улсад ажилгүйдлийн тоо буурч, хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт дээшилж, эдийн засаг хурдацтай өсөж, цэрэг батлан хамгаалахын салбарт шинэчлэл явагдаж улс орон нь илүү хүчирхэгжсэн.
Хенрики Каприлес Радонски “Би, манай улсын ард түмэн, дэлхий нийт түүнд өртэй хоцорлоо. Түүний зоригтой, шударга зан чанар хүн бүрт нэгийг ухааруулсан гэдэгт эргэлзэхгүй байна. Өвчний улмаас ийнхүү насан өөд болсонд гүнээ харамсч буйгаа илэрхийлье” хэмээн өчигдөр мэдэгдлээ. Хамгийн сүүлд түүнийг “Эмнэлгийн орон дээрээс томилгоо хийж байна” гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм. Венесуэлийн төрийн тэргүүн Уго Чавес Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, Гадаад хэргийн сайдын албан тушаалд экс дэд ерөнхийлөгч Элиас Хауагыг томилсон юм.
Түүний гэр бүлийнхэн “Бидний хайртай удирдагчийн амьдрал тэр чигээрээ тэмцэл, шударга ёс байлаа. Түүний ээжийн талын өвөг дээдэс иргэний дайн, дарангуйлагчдын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцон алдаршиж байсан хүмүүс. Тэр өөрөө эрх баригчдын явуулж буй дарангуйлагч бодлогод дургүйцэгч нэгэн байсан. Тиймээс 1992 оны хоёрдугаар сарын 4-нд хувьсгалт хөдөлгөөнийг удирдан төрийн эргэлт хийх гээд бүтэлгүйтсэн. Цуст мөргөлдөөний уршгаар 17 цэрэг амь үрэгдэн, 50 орчим офицер шархдан, бидний хайрт тэмцэгч, бидний эцэг У.Чавес ард түмэндээ зэвсгээ хаяхыг уриалан, эрх баригчдад бууж өгөн, өөрөө бүх хариуцлагыг үүрсэн юм. Тэр ийм л эр хүн байлаа. Бид түүнд өртэй” хэмээн гашуудлын үеэр хэлсэн үгэндээ дурьдсан юм.
Түүнийг орыг залгах хүн “хэн байх бол” гэсэн асуулт одоо дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Ямартай ч тус улсын хуулийн дагуу бол, шилжилтийн үед төрийн эрхийг парламентын дарга Диосдадо Кабельо гартаа авах ёстой бөгөөд тэрбээр нам дотроо “Николас Мадурог шинэ Ерөнхийлөгч болгоход нэн тохиромжтой” гэдгийг онцолсон юм. Гэхдээ энэ бүхэн таамаг хэвээрээ үлдлээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин