Оюутолгой “зальтай” компани

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Оюутолгой “зальтай” компани

Гурав дахь жилдээ зохиогдсон эдийн засгийн форумд оролцогчдын нэг “Only one” компанийн захирал Т.Энхтөртэй арьс ширний салбарын үйлдвэрлэлийн талаар ярилцлаа.

-Арьс ширээр үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд ирээдүйдээ хэр итгэлтэй байна вэ. Монгол брэндийг танай салбараас төрүүлэх боломж бий юү?

-Манай улсын хувьд арьс ширний үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. Жил бүр 10 гаруй сая мал нядалдаг гэсэн тоо гарсан байна лээ. Тэр олон сая малын арьс, ширийг гадагш гаргана гэж байхгүй. Арьс ширийг түүхийгээр гаргалгүйгээр дотооддоо бүрэн боловсруулж чадвал  нэг их наяд ам.доллар босгож болно гэж албаны хүмүүс хэлж байсан. Үүний 10 хувь нь нэмүү өртөг болон үлдэнэ гэж тооцоход улсын төсөвт зуун сая ам.доллар орж ирнэ гэсэн үг биз дээ. Энэ бол бүрэн болмжтой. Үүнээс ч ихийг арьс ширний үйлдвэрлэлээс олж болно. Яагаад гэвэл арьс үйлдвэрлэлээс хаягдал бараг гардаггүй. 10 гр ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийж болохгүй. Тэгвэл 10 дм арьс үйлдвэрлэлээс үлджээ гэхэд түлхүүрийн оосор, үзэгний гэр ч бол хийж болдог. Арьсны нэг онцлог давуу тал энэ. Түүнчлэн манай салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчид олон бий. Үүгээрэ маш олон ажлын байрыг шингээж буй салбар гэж болно. Гартаа дүйтэй, хоббитой хүмүүс гэр гэртээ арьсаар гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл хийж байдаг. Энэ чинь бас л үйлдвэрлэл мөн биз дээ. Тиймээс манай салбараас монгол брэнд төржээ гэхэд гайхах зүйлгүй.

-Манай арьс ширэн бүтээгдэхүүн бусад улс орныхоос юугаараа ялгаатай вэ?

-Арьс ширний үйлдвэрлэл эрхэлдэг улс орон олон бий. Энэтхэг, Пакистан зэрэг орнуудад гүн боловсруулсан арьсыг экспортлохыг хориглох шийдвэр гаргасан. Өөрсдөө ажлын байраа хадгалж үлдэхийг дээр нэмүү өртгийг улс орондоо үлдээх үүднээс ийм шийдвэрт хүрсэн байгаа юм. Гэтэл манай улсын бодлого тэр хэмжээнд хүрээгүй байна. Түүнээс биш бүтээгдэхүүний чанар, загвар дизайны хувьд манайхан бусдаас дутах зүйл огт байхгүй. Харин давуу тал ихтэй. Манайхан Ази,Европын үйлдвэрлэлийн аль сайн чанаруудыг шингээж чаддаг. Энэ нь бидний 70 жил мөрдсөн орос “школтой” холбоотой.

-Танай компани бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг уу?

-Бид бүтээгдэхүүнээ Тайваньд экспортолдог. Тайвань бол орхигдуулж болохгүй зах зээл гэдэг нь харагддаг. Тус улсын худалдан авагчид “Made in China”-аас залхсан нь ажиглагдаж байна. Хүмүүсийнх нь сэтгэлзүйн энэ байдлыг бид ашиглан өөрийн орон зайг эзэлж болно гэж би боддог.

-Танай компанийн хувьд төр засгийн дэмжлэгийг авч байсан уу?

-Манай компани 1989 оноос хойш цүнх үйлдвэрлэж байгаа. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл “үерхэлдээ үнэнч”-ээр зүтгэж ирэхэд алдсан, оносон, унасан боссон янз бүрийн түүх бидэнд бий. Энэ удаагийн форумд хүмүүс үйлдвэрлэл эрхлэх хууль эрхзүйн орчин, зээл тусламжийн талаар илүүтэй хөндөж байна. Энэ бүгд тодорхой хэмжээнд хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор жижиг дунд үйлдвэрлэлийн жилийн туршид жигд ажиллуулахын тулд төр засаг маань худалдан авагч байгаач гэж хүсэх байна. Засгийн газар өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ элдэв янзын тендэр, шалгаруулалтаар толгой эргүүлэлгүйгээр авчихдаг байгаач гэмээр байгаа юм. Өнгөрсөн 20 гаруй жил арьс ширний салбарт ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй, зах зээлийн “зэрлэг” хуулиар л явж байгаа. Тэрний хүчээр ч бид өдий зэрэгтэй яваа. Харин одоо биднээс худалдан авалт хийж л дэмжмээр байгаа юм. Цэрэг, цагдаа, уул уурхайн салбарынхны хэрэглэдэг тусгай зориулалтын цүнх, бүсийг бид үйлдвэрлэж байна. Загварыг нь АНУ, Оросын загваруудаас сонгож байж бүтээсэн. Аль ерээд онд Пүрэв генералыг ЦЕГ-т байхад ярилцан байж бүтээсэн юм. Тухайн үед дэлхийн зах зээлд 250 ам.доллараар зарагдаж байсан бүсийг бид 30 ам.доллараар нийлүүлж байсан. Хэн хэндээ ашигтай ийм амьд холбоо, дэмжлэг бидэнд хэрэгтэй байна.

-Өнгөрсөн 20 жилд та бүхэн цэрэг цагдаагийн бүсийг тасралтгүй нийлүүлж байсан уу?

-Үгүй ээ. Эдийн засгийн хямралын он жилүүдэд төрийн байгууллагынхны дансыг Төрийн санд төвлөрүүлж, бараа бүтээгдэхүүнийг тендэрээр авдаг болсон. Энэ нь хямралыг давах, зардлыг бууруулахад тус болсон нь мэдээж. Гэхдээ мөнх тэгж бай гэсэн үг биш биз дээ. Өнөөдрийн хувьд төрийн байгууллагын тендэр гэдэг хамаг будилааны эх үүсвэр болсон. Хэн танил тал, найз нөхөд олонтой нь л тендэрийг авч байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тендэр чөдөр тушаа, хүнд суртал, чирэгдэл болоод байна.

-Танай компани уул уурхайд ажиллагсдад зориулсан бүс үйлдвэрлэдэг юм байна. Уул уурхай хөгжиж буй өнөө үед зах зээл элбэгтэй байна биз?

-Бид уул уурхайн хүнд машин механизм дээр ажилладаг, өрөмдлөг хийдэг хүмүүст зориулсан тусгай зориулалтын бүснийхээ загвар хийцийг маш олон жилийн турш туршиж байж гаргасан. Доргилт, чичиргээний хамгаалалттай. Энэ бүсээ зарим нэгэн уул уурхайн компанид нийлүүлж байгаа. Оюутолгой, Эрдэнэс таван толгой гэхчилэн томоохон компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.

-Оюутолгойд нийлүүлнэ гэдэг чинь та бүхний хувьд том боломж биз?

-Наад бодол чинь эндүүрэл шүү. Оюутолгой бол их зальтай компани. Бид бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд дээж бүтээгдэхүүнээ үнийн саналтай өгөөд маш олон сар хүлээсэн. Асуудлыг Бээжингээс асууж шийддэг гээд удаан хүлээлгэсэн. Арай гэж шийдвэр гарсан ч маш цөөнөөр авч байгаа. Тэдний зорилго нь Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих, ажилчдаа хамгаалахын аль аль нь биш. Гагцхүү Засгийн газарт хөнгөн аж үйлдвэрийн салбараас бүтээгдэхүүн авч буй нэр зүүхийн тулд л бага зэргийн худалдан авалт хийдэг. Хэрэгцээ хэрэглээ нь байсаар байтал маш цөөн бүтээгдэхүүн авч байна.  Авсныхаа дараа төлбөрөө сарын дараа өгдөг байх жишээтэй. Энэ нь жижиг компаниудад хүндрэл учруулдаг.

-Оюутолгой хамгаалалтын бүсээ ажиллагсдын тоогоор авдаггүй гэсэн үг үү?

-Үгүй, хамаагүй бага тоогоор авдаг.

Ярилцсан Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж