&#34Хүүгийн коридороор зээлийн хүүг бууруулах боломжтой&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

&#34Хүүгийн коридороор зээлийн хүүг бууруулах боломжтой&#34

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Д.Батжаргалтай ярилцлаа.

-Монголбанкнаас зээлийн хүүгийн коридор нээсэн тухай мэдээллийг гаргаж байгаа. Та Монголбанкны мөнгөний бодлогын зөв­лөлийн гишүүний хувьд “Зээлийн хүүгийн коридор” гэж чухам юу болохыг тайлбарлах уу?

-Монголбанкны бодло­гын зөвлөлийн үүний өмнөх хур­лаас бодлогын хүүгээ буу­руулах шийдвэр гаргасан. Одоо­гийн байдлаар 12.5 хувьтай байгаа. Ингэснээр инфляцийг онилж байсан энэ өндөр хүүг багасгаад, үйлд­вэрлэлээ дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Монголбанк инфляцийн хурдцыг 2013 онд найман хувьд барина гээд мөнгөний бодлогоо бат­луулчихсан.Тийм байж, бод­логын хүүг бууруужл бай­гаа нь инфляциа эргээд хөөрөгдчихгүй юм уу гэх асуулт гарч ирсэн.

Өмнөх жилүүдэд инфляцийг онилсон бодлого хэрэгжиж байсан. Бодлогын хүүгээ ихэсгэх замаар инфляциа барьж байсан. Инфляци 14 орчим хувьтай байхад найман хувьд хүргэнэ гэж бодлогоо бат­луулчихаад одоо бодлогын хүүг буу­руулж байгаа нь хоорондоо зөр­чилдөж байна гэж байсан. Гэхдээ үүний бэлтгэл ажлыг бид өнгөрсөн жилээс шинэ Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газартай хамтраад таван хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Мах, гурил, бензин шатахуун зэрэг таван бүтээгдэхүүнийг инфляцийн суурь бүтээгдэхүүн. Тэгэхээр үүнийг онилж, барьж аваад, Засгийн газар­тай хамтраад хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд эдгээр бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барьчихсан. Үүний ачаар зах зээлийн зүй ёсны учир шалтгаантай холбоогүйгээр инфляцийг хөөрөгддөг шалтгаанууд байхгүй болсон. Гэх­дээ инфляцийн өсөлт тодорхой хэм­жээнд байсаар байна. Архи, там­хи гэх мэт бараа, бүтээгдэхүүн дээр татвар нэмэгдсэн зэргээс үүдэл­тэйгээр инфляцийн өсөлт явагдсан. Бид үнийн өсөлтөд нийлүүлэлт, эрэлт талаас нь ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ гэдгийг харсны үндсэн дээр бодлого хэрэгжүүлж, бодлогын хүүг бууруулсан. Одоо бодлогын хүүгийнхээ төвшинд бусад бүх хүүг ойртуулж байж, хэрэглэгчдэд очих бодит хүүг буу­руулах ёстой. 2012 оны байдлаар бодлогын хүүнээс хамааралтай бусад  хүүгийн зөрүү нь бараг 5-6 орчим хувийн савлагаатай байдаг байсан. Жишээ нь бодлогын хүү 13 хувь байхад 16 орчим хувиар банк хоорондын зээлийн хүү тогтох жишээтэй. Энэ нь хэрэглэгчдэд очи­хоо­роо сарын 1.2-3 хүртэлх, жилийн бараг 19-20 хувьд хүрч бай­гаа юм. Тэгэхээр энэ бодит нөлөөл­лийг бууруулахын тулд ямар арга хэрэгсэл хэрэглэсэн гэхээр бод­логын хүүгийн 12.5 хувиас дээшээ хоёр, доошоо хоёр хувь гэдэг коридорт банк хоорондын зээлийн хүүг барих арга хэрэгслийг шинээр нэвтрүүлж байгаа юм. Үүн дотроо янз бүрийн арга хэрэгсэл бий л дээ. Долоо хоногийн хугацаатай, дөрвөн долоо хоногийн хугацаатай гэсэн хоёр хэлбэрийн үнэт цаасыг гаргах, банкны заавал байлгах нөөцөөс илүү гарч байгаа тэрбум төгрөгт хүү төлөх гэх мэт. Үүний үр дүнд бодлогын хүү рүү дөхсөн арилжааны банк хоорондын зээлийн хүү тогтоно гэсэн үг. Ингэж байж, бид үйлдвэрлэгчдэд очих зээлийн хүүг бууруулах юм. Зээлийн хүү буурахаар дагаад дотоодын үйлдвэрлэгчдийн гаргаж буй, хямд зээлээр үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө.

-Тэгэхээр зээлийн хүүгийн коридороор банк хоорондын захын хүүг хүчээр тогтоож байна гэсэн үг үү?

-Үгүй. Монголбанк бодлогынхоо хүүг тогтоочихоор банк хоо­рондын зээлийн зах зээл дээрх мөнгөний эрэлт, нийлүүлэлтээс хамаараад банк хоорондын зээлийн хүү хэлбэлздэг. Бараг 5-6 хувийн хэлбэлзэл байна гэдгийг дээр хэлсэн. Үүнийг барих гээд байгаа юм. Жишээлбэл, дөрвөн долоо хоногийн хүүтэй Төв банкны үнэт цаас гаргахдаа хэмжээг нь хэл­чихнэ. Ийм хэмжээний үнэт цаасыг зах зээл дээр гаргана, хүүгээ хэлээч, хэдэн хувиар авах вэ гээд банкуудаас санал авна. Нөгөө талд нэг долоо хоногтой ТБҮЦ-ыг гаргахдаа хүүгийн дээд хязгаарыг тогтоогоод өгчихнө. Ийм хүүтэй ТБҮЦ-ыг хэчнээн хэмжээтэйгээр авах вэ. Хүссэн хэмжээгээр нь өгнө гэсэн үг. Тэгэхээр өөр өндөр хүүтэй үнэт цаасыг, өөр газраас авахгүй. Өмнө нь Монголбанк ийм нийлүүлэлт хийдэггүй байсан болохоор банкууд илүүдэл нөөцөө хоорондоо зарж байсан. Илүү хүүтэйгээр. Одоо Монголбанк дундуур нь орчихоор банкууд хоорондоо зарж чадахгүй болчих юм. Өөрөөр хэлбэл, банкууд хоорондоо мөнгөө зээлээд байгаа юм. Монголбанк ийм зохицуулалт хийгээд, ороод ирэхээр банкуудад ямар арга зам үлдэх вэ гэхээр үйлдвэрлэгчид рүүгээ л харна. Тэдэнд л зээл олгохыг бодно.

-Тэгэхээр зээлийн хүү буурах нь?

-Тийм, зээлийн хүү буурна гэсэн үг. Урт хугацаанд хэчнээн хэмжээний үнэт цаас гаргах вэ гэдгээ заачихна. Өөрөөр хэлбэл, дөрвөн долоо хоногийн хугацаатай 10 тэрбум төгрөгийн үнэт цаасыг банк хоорондын арилжааны зах дээр гаргана. Хэдэн хувиар авахыг хүсч байна вэ. Өндөр үнэ хэлсэнд нь өгөхгүй. Тэр коридорт байгаа үнэ хэлсэнд нь өгөхийг зорино. Хэрвээ хүү үүнээс өсөх гээд байвал долоо хоногийн хугацаатай үнэт цаасаараа шахаад, барьчих юм. Дөрвөн долоо хоногийн хугацаатайгаар тэр коридорт байгаа хэмжээний зээл авчихсан банк бол хөрөнгийн дутагдалд орохгүй. Илүүдэлтэй байгаа үед яах вэ гэхээр Монголбанк тэрийг нь тодорхой хувийн хүү төлөөд авчихна. Энэ нь бүх улс оронд хэрэглэдэг, шалгарсан арга. Монголбанк яг энэ аргаар бодлогынхоо хүүг илүү тодорхой байлгах, зарласан төвшиндөө банк хоорондын хүүг байлгах арга хэрэгслийг шинээр нэвтрүүлж байгаа юм. Монголбанкны Мөнгөний бод­логын газраас тайлбарлаж бай­гаа­гаар энэ аргыг хэрэглэх бэлтгэлийг нэлээд хэдэн жилийн өмнөөс хангасан. Сүүлийн хоёр жил орчмын хугацаанд үүн дээр ажилласан. Зохих ёсны байгууллагууд, экспертүүдээс зөвлөгөө авсан. Одоо программ хангамжтай холбоотой бага зэрэг асуудал байгаа гэсэн. Энэ гуравдугаар сардаа багтаагаад нэвтрүүлээд эхлэх байх.  

-Систем нэвтэрлээ гэхэд үр дүнг хамгийн ойрын хугацаанд хэрхэн харж болох вэ?

-Гуравдугаар сар гаргаад энэ арга нэвтэрнэ. Харин дөрөвдүгээр сард манай бизнесийн идэвхжил эхэлдэг. Тэр үед хэрэглэгч, үйлд­вэрлэгчдэд бага хүүтэй зээл авах боломж бүрдэж байгаа юм. Бага хүүтэй зээл авмагц үр дүн гарахгүй. Зээлээ авлаа, зээлээрээ үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаа хийлээ, түүний үр дүн хэзээ гарах вэ. Мэдээж цаг хугацааны хувьд янз бүр байна. Намар тийшээ, ес, аравдугаар сар гэхэд инфляцийг энэ хэмжээнд бариад байна гэсэн үг. Үүнээс гадна хөтөлбөрүүд хэрэгжинэ. Гол үр дүн нь юу байх вэ гэхээр бид инфляцийг найман хувьдаа барих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр дээшээ, доошоо хоёр хувь гээд нийтдээ дөрвөн хувийн коридор үргэлж байгаад байхгүй. Дахиад дотогш нь нэг хувь болгож, хоёр хувийн л коридор гаргаж болно. Коридор дотроо бодлогынхоо хүүг дахиад бууруулж болно. Ингэж байж, зээлийн хүү, хадгаламжийн хүү өндөр байдаг энэ гажиг тогтолцоог арилгана. Монгол шиг ийм өндөр хүүтэй зээл авдаг, хадгаламж татдаг улс орон байхгүй шүү дээ.  

 Л.ЭНХДЭЛГЭР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж