Эмэгтэйчүүдийн манлайлал нийгэмд бодитой оршиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн манлайлал нийгэмд бодитой оршиж байна гэв

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалт өнөөдөр болж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунцэцэг, АН-ын Нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг нар оролцож, сэтгүүлчидтэй ярилцлаа.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь сэтгүүлчдэд баярын мэнд хүргээд “Ардчилсан намаас санаачлан АЭХ-той хамтран “Бүтээн байгуулалт-эмэгтэйчүүдийн манлайлал” цахим “Лиш” чуулганыг зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1500 төлөөлөгч өөр өөрсдийн аймгаасаа интернетээр холбогдож, хийж бүтээсэн ажлын туршлагаа хуваалцах чиглэлээр ажиллалаа. Мөн цаашдаа хэрхэн хамтран ажиллах, шинэчлэлийн бүтээн байгуулалтад тэдний үүрэг оролцоо юу байх талаар ярилцсан. АН-ын ҮЗХ-ны гишүүн эмэгтэйчүүд, АЭХ-ны тэргүүлэгчид, аймаг, дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл интернетээр холбогдож хуралдсан. Тэд маань нийгмийн асуудал, жендэрийн тэгш байдлаас илүү гарч бүтээн байгуулалт, баялаг бүтээх салбар луу хандан, улс орны цаашдын хөгжилд гар бие оролцохын сацуу өөрсдийн бизнесээ өргөжүүлэх өргөн боломжийн тухай ярилцсанаараа энэхүү уулзалт ач холбогдолтой боллоо. Одоо эмэгтэйчүүд бүхий л салбарт манлайлан, хариуцлагатай нийгмийг бүтээхэд өөрсдөө оролцох зорилгод нэгдэж байгаа нь чуулганаас тодорхой харагдсан. Түүнчлэн Завхан аймгийн Ардчилсан намын даргаар З.Нарантуяа сонгогдон ажиллаж байгаа. Энэ мэтчилэн эмэгтэйчүүд бүх салбарт манлайлан ажиллаж байна” гэлээ.

Сэтгүүлчид түүнээс Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэрхэн оролцох талаар сонирхож асуусан юм. Үүнд дараах хариулт өглөө. Тэрээр “Ардчилсан Ерөнхийлөгч дөрвөн жилийн өмнө гараад шүүхийн шинэчлэл, архидалтын эсрэг, ашигт малтмалын лиценз цэгцлэх, төрд иргэний оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг санаачилж байсан боловч өмнөх Засгийн газрын үед дэмжлэг авах нь ховор байсан. Шинэчлэлийн Засгийн газар зургаан сарын хугацаанд яаж ажиллаж болдгийг харуулж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан иргэдийн оролцоог сайжруулах ажил эрчимжиж эхэллээ. Ерөнхийлөгч нь Засгийн газрынхаа хуралд оролцож үгээ хэлж болж байна. Хэрхэн хамтран ажиллаж болдгийг харуулж байгаа учраас Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр ач холбогдол өгч оролцоно. Одоогийн Ерөнхийлөгчөө дэмжиж ажиллана” гэсэн юм.

Ардчилсан намынхан намын дүрмийг шинэчлэх асуудлаар хоёр жилийн өмнөөс ярьж, хэлэлцэж эхэлсэн боловч Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дахин хэлэлцүүлэх, нэмж тусгах зүйлс гарсан юм. Тиймээс саяхан Гүйцэтгэх зөвлөлөөс шинэчлэлийн ажлын хэсэг байгуулсан. Үүнтэй холбогдуулан ирэх дөрөвдүгээр сард намын дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг орон даяар хийх болжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж