Азаас илүү хуримтлалдаа найдна. Гэхдээ

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Азаас илүү хуримтлалдаа найдна. Гэхдээ

ХасБанк хадгаламж эзэмшигчдийнхээ азыг сорих гэхээс илүү санхүүгийн ухаалаг төлөвлөлтийг нь урамшуулах зорилготой “ХасЛотто” аянаа үргэлжлүүлж, могой жилийн анхны азтанууддаа өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Хамгийн супер шагнал болох орон сууцны азтанаар Улаанбаатар хотын Төв салбарын харилцагч Ч.Сэлэнгэ тодорч, хүү, хань хоёртоо ийнхүү гайхалтай бэлэг барьсан бол харилцагч Д.Сосорбурам, З.Ууганбаяр, Л.Алтантуяа, С.Ганбаатар, Ц.Баянмөнх, Г.Мөнхжаргал, Э.Амгалан, А.Гэгээ, Н.Ганболд, П.Энхтуяа нар нэг сая төгрөгийн шагналаа өнөөдөр гардан авсан юм. Мөн 21 аймгаас тодорсон бүсийн азтанууд орон нутагт байрлах ХасБанкны салбаруудаас шагналаа авлаа.

Ч.Сэлэнгэ бол “Ирээдүйгээ хуримтлалд түшиглэж, төлөвлөх ёстой” гэж боддог залуу гэр бүлийн эзэгтэй. Ам бүл гурвуулаа. Орон сууц авна даа гэсэн бодолтой явсан тэднийх өнөөдөр цоо шинэ байрны түлхүүр хүлээн авлаа. “Амьдралаас маань ачаа хөнгөлөгдөж байна” гэж ярих бүсгүйн нүүрэнд баяр тодорч байлаа. Бусдын баярлахыг харах, мэдрэх, хуваалцах гэдэг хамгийн сайхан мөч. Тэгвэл ХасБанкны хамт олон сар бүр азтануудаа цуглуулж, шагналыг нь гардуулах тэр өдрөө урам зориг, эр хүчээр цэнэглэгддэг болоод бүтэн жил гаруйн хугацаа өнгөрчээ. Анх 2011 оны 12 дугаар сарын 1-нд эхэлж байсан “ХасЛотто” аян өнөөдөр хоёр дахь жилдээ азтануудаа баярлуулсаар байна.

Монголын эдийн засагт сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд бий болсон “иргэншлийн хувьсал” ч гэж болох үзэгдэл бол яах аргагүй банкны үйлчилгээ юм. Өдөр бүр иргэд рүү ойртох санхүүгийн үйлчилгээг дагаад монголчууд санхүүгийн сахилга батад суралцах болсон. Хадгаламж, хуримтлалын чухлыг тэр бүрийд ойшоодоггүй байсан “хэнэггүй” монголчууд өөрчлөгдөж, хувийн дансандаа хуримтлалтай байхыг эрхэмлэх болжээ. Үүнийг ХасБанкны “Хас Лотто” аяны цар хүрээнээс анзаарч болно. Азтан болсон хадгаламж эзэмшигчдийн зарим нь “ХасЛоттод оролцох гэж дансаа арвижуулсан юм биш. Энэ бол өөрийнхөө ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт” гэж ярьж байлаа. Гэхдээ л тэд аз гэж байдагт эргэлзсэнгүй. Учир нь өнөөдрийн азтануудын ихэнх нь хадгаламжийн данс нээлгээд удаагүй шинэ харилцагчид байсан төдийгүй супер азтан Ч.Сэлэнгэ л гэхэд азтан болохоос ердөө нэг хоногийн өмнө данс нээсэн байжээ.

 Дашрамд дуулгахад “Хуримтлалтай Монголын төлөө” уриатай “ХасЛотто” аян эхэлснээс хойш тус банкны хадгаламж эзэмшигчийн тоо 180 мянгаар нэмэгдсэн гэх статистик бий. Мөн 2011 онд Монголын банкны салбар дахь хадгаламжийн хэмжээ 50 хувь өссөн бөгөөд арилжааны банкууд дундаа ХасБанк энэ үзүүлэлтээр дээгүүрт бичигдсэн юм. Та ч бас 100 мянгаас нэг сая хүртэл төгрөгийн хадгаламж нээж, ХасЛотто аянд оролцож, азтан болох боломжтой.

Б.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж