Хямрал дахих магадлал өндөр байна

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Хямрал дахих магадлал өндөр байна

Өнгөрсөн хугацаанд хавтгайруулан олгосон халамж, хяналтгүй зарлагдсан төсөв инфляцийг хөөрөгдөж, эдийн засаг эвгүйтэж эхэллээ. Байдлыг улам хүндрүүлж мэдэх төсвийн тодотгол түр гацаад буй энэ үед банк, санхүү, олон улсын донор байгууллагын зарим төлөөллөөс “Төсвийн алдагдал, инфляцийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?” гэсэн асуултад хариулт авлаа.

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ БАТЛАХ ШААРДЛАГАТАЙ

Дэлхийн банкны эдийн засагч Н.Мөнхнасан:

-Энэ оны нэгдүгээр сард инфляци дөрвөн хувьтай байсан. Гэ­тэл дөрөвхөн сарын до­тор хоёр дахин нэ­мэгдчихлээ. Оны эхний дөрвөн са­рын байдлаар ул­сын хэмжээнд 8.3, нийс­лэ­лийн хэмжээнд 8.4 хувьтай байна. Ийм хурдтай өсч бай­гаагаас харахад инфляци оны эцэс гэхэд 20-30 хувь хүрэх магадлалтай байгаа юм. Ер нь инфляци өсч байгаа гол шалтгаан төсвийн зардлын хяналтгүй байдал. Халамжийг хавтгайруулан олгож байгаа нь ч инфляцийг хөөрөгдөх гол нөхцөл болж байгаа. Өнгөрсөн хугацаанд болсон эдийн засгийн хямралаас бид ямар ч сургамж аваагүйг харуулж байна. Тиймээс ийм мөчлөг багатай эдийн засгаас зайлсхийгээд, тогтвортой зарлага, орлогыг чухалчлах шаардлагатай гэсэн байр суурийг Дэлхийн банк баримталж байгаа. Үүний тулд одоо төсөл нь бэлэн болчихсон байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг яаралтай хэлэлцэж, батлах хэрэгтэй. Энэ хуулийн төсөлд зэсийн үнийг урт хугацааны дундаж үнээр тооцох, хуримтлалын сан бий болгож илүү мөнгөө хадгалах, энэ мөнгөөр техник, эдийн засгийн үндэслэл нь тодорхой болсон үр дүнтэй төслүүдийг санхүүжүүлдэг байх зэрэг нөхцөлийг тусгасан байгаа. Ийм туршлага Чили улсын төсвийн тогтолцоонд байдаг. Хэрэв үүнийг үл анзаарвал эдийн засаг 2008 оны эцэст болж байсан хямралын түвшинд хүртэл доройтож мэднэ.
 
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД  ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Санхүүгийн зах зээлийн хол­бооны ерөнхийлөгч Ө.Ганзориг:

-Өргөн хэ­рэг­лээний барааны үнэ нэмэгдэж, инфляци хөө­рөгдөж байгаа нь яах аргагүй Зас­гийн газраас бэлэн мөнгө ихээр тараах бол­­сон­той хол­боотой. Бэлэн мөн­гө тарааж, ний­лүүлэлтийг зо­хиомлоор өс­гөх нь энэ мэт сөрөг үр да­га­­варыг авчир­даг. Үүний оронд бүтээн бай­­гуулалтын ажилд хө­рөнгө оруулалт хийх ёстой.

УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙГ ЗААГЛАХГҮЙ БАЙНА

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Статистикийн тэнхимийн эрхлэгч Б.Батмөнх:

-Улс төрийн намуудын амлалт эдийн засагтай хутгалдаж, эдийн засаг гэдэг ойлголтын жинхэнэ утгыг алдагдуулаад байна л даа. Үүнийг л зааглах хэрэгтэй. Төр, засаг нь улсын төсвөөр тоглож, улс төрийн амлалтаа биелүүлэх ганц арга зам нь бэлэн мөнгө тараах болчихоод байгаа нь эдийн засгаа хөгжүүлэхгүй байна. Мөнгөний онолоор бол нийлүүлэлтийг ингэж гэнэт ихэсгэх нь заавал сөрөг үр дагавар авчирдаг. Үндсэндээ инфляцийг хөөрөгддөг гэсэн үг. Дээрээс нь манай зах зээлд ямар ч өрсөлдөөн алга. Одоо тэнгэрт тулчихаад байгаа өргөн хэрэглээний барааны үнэ ченжүүдээс бүрэн хамааралтай болсон. Барааны зах зээлийг тэд атгаж байна гэхэд хилсдэхгүй. Ченжүүд төрөөс мөнгө өгнө, тараана гэсэн сургаар үнэ нэмж, ядарсан иргэдийг туйлдуулж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, улстөрчдөд ч, бизнесмэнүүдэд ч хүн чанар гэсэн ойлголт алга гэсэн үг. Дөрвөн жилийн дараа дахиж сонгогдох, өнөөдрийн ашгийг харах төдийхнөөр асуудалд хандаж болохгүй. Уг нь халамж өгөх нь буруу биш. Гагцхүү өгч байгаа хэлбэр нь буруу яваад байна. Төсөв, халамжийн бодлого өнгөн талаасаа хөгжлийн төлөө юм шиг боловч үнэн хэрэгтээ баллах тал руугаа явж ирлээ. Үүнийг өөрчлөхгүйгээр эдийн засаг жинхэнэ утгаараа хөгжихгүй.

Ч.Дашдэлэг.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж