Х.Баттулга, Ц.Нямдорж нарын маргааныг дэнслэнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Х.Баттулга, Ц.Нямдорж нарын маргааныг дэнслэнэ

Нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шүүхэд өгч, маргаан  шийдвэрлэгдэхгүй жил шахмын хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл гишүүдийн маргааныг маргааш 15.00 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэх гэж байна.
Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд  хэвлэлийн бага хурал, "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэнээр маргаан эхэлсэн юм.

Х.Баттулга гишүүн үүнийг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд 2012 оны тавдугаар сарын 18-нд гомдлыг хэлэлцээд, Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан билээ. Харин Ц.Нямдорж гишүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.

Улсын дээд шүүхэд энэ хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 02-нд хэлэлцээд, хэргийг анхан шатны шүүхэд буцааснаар ийнхүү хурал маргааш товлогджээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж