Хөгжим, бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулгын “Найруулга-2013” тоглолт энэ сарын 15, 16-нд 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох гэж байгаа билээ. Уг тоглолтыг Монголын Урлагийн Зөвлөл санаачлан С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд хийж байгаа юм.
С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн Цохивор Хөгжмийн Чуулга нь 1985 онд анх байгуулагдсан. Тус чуулгын уран сайхны удирдаачаар 2010 оны “Мөнгөн Мод” шилдэг хөгжимчний шагналт, 2012 оны Соёл урлагийн салбарын онцлох уран бүтээлчид олгодог “Интерпренер-2012” шагналт хөгжмийн багш Б.Зоригт ажилладаг. Тус чуулга нь 2012 оны “Мөнгөн Хараацай” наадмын тэргүүн байр, Юнескогийн Зүүн Азийн Хүүхдийн урлагийн Х их наадамд амжилттай оролцож байсан бөгөөд авьяаслаг 18 залуу уран бүтээлчдээс бүрддэг юм.
Цохивор хөгжмийн чуулгын “Найруулга” тоглолт 2007 оноос эхлэн уламжлал болгон тасралтгүй зургаа дахь жилдээ эгшиглэх гэж байгаа бөгөөд уг тоглолт нь дэлхийн болон үндэсний сонгодог 17 бүтээлээс бүрдэх нь ээ. Тоглолтын эхний хэсэг дэлхийд нар алдраа цуурайтулсан Д.Манчини, Э.Морриконе, Floyd Werle, Randall Eyles-ын уран бүтээлүүдийг тоглох ба хоёрдугаар хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолчид Н.Жанцанноров Л.Мөрдорж, Цохивор хөгжмийн чуулгын удирдаач Б.Зоригт нарын шилдэг болон шинэ найруулгын бүтээлүүдийг үзэгчдэд толилуулах юм байна.