Зуу хүртэл насалж болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Зуу хүртэл насалж болох уу?

-Тийм ээ, боломжтой. Харин яаж гэдэгт энэхүү зөвлөгөө хариулт өгнө-
Урт наслагчид хүн төрөлхтөний бүх л цаг үеийнхний дунд бурхан мэт л хүндлэгдсээр ирсэн билээ. Түүхчдийн нотолж буйгаар гүнгийн хатан Десмонд гэгч эмэгтэй 140 хүрсэн бол Генри Женкинс хэмээх англи эр бүр 169 хүртэл насалсан гэх. Тэд яагаад ийм урт насалсан юм бол оо. Ингэж урт насалсан нь үнэхээрийн бодит явдал уу эсвэл хүн төрөлхтөний зөгнөлт мөрөөдөл байв уу.

Хүмүүс урт наслах боломжтой
Хэрвээ статистик үзүүлэлтийг сонирхоод харвал урт наслах нь тийм ч найдваргүй зүйл бас биш юм аа. Өнгөрсөн зуун жилд хүний дундаж наслалт мэдэгдэхүйц уртассан. Түүхчид чулуу болон хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийг ердөө 18 нас “зооглодог” байсныг тодорхойлсон. Тэгээд Юлий Цезарийн үед 25-30 болтол нэмэгджээ. Харин дундад зууны европчууд тэдэнтэй бараг ойролцоо 23-28 хүртэл насалдаг байсан бол хорьдугаар зуунд хүний дундаж наслалт 51 хүрчээ. Тэгвэл өнөөдөр ямар байна вэ. Хамгийн хөгжингүйд тооцогдож буй Швед, Норвег, Голланд зэрэг орнуудад гэхэд хүн амынх нь дундаж наслалт даруй 73 байгаа бол АНУ, Канадад 70 хүрчээ. Ингэж хүний дундаж наслалт дэлхий дахинаа хэлбэршгүй өсч буйн гол шалтгаан нь юу юм бол.

Хүн төрөлхтөний түүхийг гурван өгүүлбэрт багтаагаад харъя. Дундад зуунд хүний үхлийн гол шалтгаан нь үй олноор сүйрүүлэгч тахал, холер, маляр зэрэг өвчин байсан. Шинжлэх ухааны ололт, нээлт эдгээр өвчний тархалтыг зогсоож чадсан юм. Дараа нь хүн төрөлхтөнийг гэдэсний хижиг, сүрьеэ өвчний хар сүүдэр дайрч эхэлсэн боловч антибиотик хэмээн “ид шидийн” бэлдмэл гарснаар үхлийн гол шалтгаан байхаа больсон юм. Тэгвэл энэ бүхэн заналхийлэхээ больсон өнөө үед хорт хавдар, зүрх судасны өвчин хүмүүсийн үхлийн гол шалтгаан болж байна. Дунд болон ахимаг насныхны эрлэг болсон эдгээр заналт өвчин нь хүний бие организм хөгшрөх явцтай шууд холбоотой байгаа юм.

Өнөөдөр хүний хөгширөлтийн тухай бараг 300 гаруй онол, таамаглал гарчихаад байна. Хамгийн анхлан эрдэмтэд амьтдын нас нь тэдний биеийн хэмжээнээс шууд хамаардаг болохыг ажиж мэдсэн юм. Тухайлбал, хулгана 1,5-2 жил, морь 50-60 жил, заан 70-100 жил насалдаг жишээтэй. Мэдээж эндээс л учир шалтгааныг хайх хэрэгтэй байх. Гэвч цаашхи судалгаанууд организмын идэвхитэй өсөлтийн хугацаа, бэлгийн бойжлын хурдац, тэр бүү хэл тархины хэмжээ, бүдүүн гэдэсний уртаас ч хамаардаг болохыг нотолж буй. Оросын эрдэмтэн И.И.Мечниковын онол бүдүүн гэдэснээс шимэгдсэн хорт бодисуудыг зайлуулах организмын өөрийн зохицол, явцаас хамаардаг гэж үзэж байна.
Хүний шулуун гэдэс асар их хэмжээний микроб агуулдаг бөгөөд энэхүү ялзарч үжирсэн бактеруудаас салж чадвал хүний хөгшрөлт харьцангуй зогсонги байдалд орох боломжтой гэнэ. Тарагнаас гаргаж авсан ислэг-сүүний савханцрууд бүдүүн гэдэсний эдгээр ялзмаг микробуудыг оролж чадаагүй нь эрдэмтдийн хүсч байсан үр дүн биш байв.

Орчин үеийн шинжлэх ухаан хөгшрөлтийн шалтгааныг хүний эд эс, уургийн бүтцийн төвшинд алдаа доголдол гарснаас болсон гэж үзэж байна. Хүний бие организмын дотоод үйл ажиллагааны гажуудал, гадаад орчны хүчин зүйлээс ч шалтгаалдаг.

Хорт туяа, химийн хорт бодисууд, элдэв төрлийн вирус зэрэг нь хүний биеийн уургийн бүтцийг эвдэж ДНК-д нь нөлөөлнө. Хүний биеийн эд эс нь маш олон тооны өөрийгөө хамгаалах нарийн бүтэцтэй байдаг юм. Цаг хугацаа өнгөрөх тусам дээрх “эвдлэгчид” үй түм болон олширдог . Үүнийг дасан зохицох буюу адапдаци хэмээн нэрлэнэ. Уургийн бүтцийг эвдэж хэвийн ажиллагааг алдагдуулснаар эд эсийг мөхөлд хүргэнэ. Ингээд эцэст нь дархлааны чухал функцуудыг идэж эвдэж устгана.

Эдгээр хүчин зүйлүүдийг бага боловч хязгаарлаж чадвал хүн 90- 100 хүртэл наслах бүрэн боломж байгаа билээ. Урт наслалт нь бас удамшдаг талтай. Гэхдээ энэ бол маш ховор тохиолдол гэдэг. Өөрөөр хэлбэл, нэг сая хүнд 30-100 урт наслагч оногддог нь тун чамлахаар бага үзүүлэлт юм. Тэд дунджаар 115-120 насалдаг гэх. Тэгэхээр удамшилд найдах хэрэггүй. Тэгвэл урт наслахыг хүсч буй хэн боловч юунд анхаарлаа илүү хандуулах шаардлагатай вэ. Мэдээж зөв хооллолт . Буруу хооллолт хүнд хамгийн их таагүй зүйлийг авчирдаг бөгөөд түүнийг засч залруулж чадвал амьдралаа уртасгах боломжтой юм. Та биед агуулагдах Е болон С витаминыг зөв зохистой хэмжээгээр хадгалж чадвал хавдар, уушигны болон зүрх судасны өвчлөлөөс өөрийгөө хамгаалж болох жишээтэй.

Хөгшрөлт явцыг удаашруулах дэглэм
Эрдэмтэд, эмч нар хүний хөгшрөх явцыг удаашруулахын тулд дараах дэглэмийг амьдралынхаа туршид барих хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд :

– зөвхөн цэвэр ус уух

-цэвэр агаараар амьсгалах

-Бие организмын цэвэрлэгээ хийх

-Цусан дахь сахарын хэмжээг бууруулах-үүнд ногоон цай их тустай

-Цусан дахь сул төмрийг зайлуулах-ногоон цай, сармис хэрэглэх

-Организмийн дотоод экологийг сайжруулах – үхрийн нүдний навч,
балжингарамын ханд хэрэглэх

-иодын дутагдлаас хамгаалах – иоджуулсан давс

-Нэмэлт витамины комплекс хэрэглэж сурах

-Биеийн дархлааг нэмэгдүүлэх- Цинк, селен зэрэг оксидантын эсрэг бэлдмэл
хэрэглэх

-Ходоод, бүдүүн гэдэсний ферментүүдэд анхаарал тавих

-Зүрх, судасны үйл ажиллагааг тогтворжуулах

-Сэтгэл санааны хямралаас зайлсхийх

Эдгээр дэглэмийг өөрийн амьдралдаа дагаж мөрдөж чадвал та урт наслах бүрэн боломжтой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж