Хөдөлмөрийн хуулийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хуулийг шинэчилнэ

Нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагаад хөдөлмөрийн цоо шинэ харилцаа бий болж түүнийг сонгодог утгаар нь зохицуулах хууль эрх зүйн орчин үгүйлэгдэх болсон байна. Тиймээс Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх хүрээнд Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод хамтран ажиллахаар болж өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тодруулбал, энэхүү санамж бичигт Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн н.Нямсамбуу нар гарын үсэг зурсан юм. Хөдөлмөрийн сайдын тодотгосноор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан ард иргэдээ ажилтай, орлоготой болгох, авсан цалин нь амьдралд хүрдэг байх тэрхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран хүчээ нэгтгэхээр болж санамж бичгийг байгуулж байсан. Түүнд хөдөлмөрийн харилцааг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор зааж өгсөн юм байна. Нөгөөтэйгүүр, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, мөн аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зүгээс хөдөлмөрийн харилцааг хөгжиж буй төвшинтэй нь уяж шинэчлэх шаардлага байна гэдэг асуудлыг тавьж ирсэн аж. Тиймээс Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх хүрээнд гурван тал оролцож, хуулийн төслийг боловсруулах болж байгаа нь тун олзуурхууштай гэж Хөдөлмөрийн сайд энэхүү арга хэмжээний үеэр хэллээ. Мөн тэрээр “Ажил олгогчийн зүгээс байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ зөрчдөг, цалингаа цаг хугацаандаа тавьдаггүй, нийгмийн асуудлыг шийддэггүй, нөгөө талаас ажил хийхээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан иргэн нь уригдсан зочин мэтээр байдаг, хариуцлагаа хүлээдэггүй, сахилга дэг журмаа мэдэрдэггүй, мэддэггүй, Засгийн газар нь тогтоол гаргасан гээд зүтгээд байдаг энэхүү асуудлыг эцэслэхэд Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх зорилго тавьж байна” гэдгээ сайд Я.Санжмятав тодотгосон юм.

Ажил олгогч эздийн нэгсдэн холбооны тэргүүн н.Нямсамбуу “Монгол Улсад 1990 оноос хойш өөрчлөгдсөн маш чухал харилцааны нэг нь Хөдөлмөрийн харилцаа. 1990 оноос өмнө Засгийн газар  дан ганц ажил олгогч байсан бол нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөр хувийн хэвшлийнхэн ажил олгогч болж өргөжсөн. Мөн Монгол орны хөгжлийн хурдцыг харахад олон жилийн өмнө баталсан Хөдөлмөрийн хууль энэхүү харилцааг зохицуулахад учир дутагдалтай болж ирлээ. Тийм учраас Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх асуудал чухлаар тавигдаж ирсэн. Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх хүрээнд Ажил олгогчийн тухай хуулийн төслийг хамт боловсруулж, өргөн мэдүүлнэ. Олон оронд ийм хууль байдаг ч Монгол Улсад байдаггүй. Ийм хууль байх шаардлагатай гэж гурван талаас үзсэн” гэлээ. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Амгаланбаатар “Хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх хүрээнд чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. 1990 оноос хойш Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Засгийн газар хамтран Монгол Улсын эдийн засаг, нийгмийн зөвшилцлийг хэрэгжүүлэхийн төлөө олон асуудлаар хамтарч ажиллаж байгаа. Зарим асуудлыг шийдвэрлэхэд эрх зүйн талаасаа түгжигдмэл байдалд ордог. Албан бус салбарт ажиллагсад, хувийн хэвшилд ажиллаж байгаа хөдөлмөрийн харилцааг сонгодог утгаар нь хэрэгжүүлэхэд эрх зүйн харилцаа үгүйлэгдэж байгаа. Хуулийг шинэчлэн боловсруулах хүрээнд гурван тал судалгаа хийж, зөвшилцөж үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж