Канадын төрийн албаны тогтолцооноос суралцана

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Канадын төрийн албаны тогтолцооноос суралцана

Монголд Төрийн албаны зөвлөл хэмээх хариуцлагатай субьект байгуулагдаад 18 гаруй жилийн нүүрийг үзсэн байна. Ингэхдээ төрийн албаны томилгоог шууд хийдэггүй ч тухайн албаны хүнийг нэр дэвшүүлэх байдлаар санал болгодог  ажээ.  Цаашдаа Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, бодлого зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай тухай албаныхан хэлж байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдэх зорилгоор гадныхны туршлагыг судлах боломж олдсон нь Канадын Төрийн албаны комиссын экс ерөнхийлөгч, олон улсын зөвлөх Мариа Баррадосын айлчлал ажээ. Тодруулбал, тэрбээр Монгол Улсад гуравдугаар сарын 4-8-ны өдрүүдэд айлчилж байгаа бөгөөд энэ үеэр хоёр орны харьцуулсан судалгааг гаргахыг зорьж байгаа гэнэ.

Канадын Төрийн албаны комисс нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд байгуулагдсан эхний жилүүддээ энэ албыг Засгийн газраас ангид, бие даасан байлгахыг зорьж  байжээ. Ингээд төрийн албанд орохын тулд тусгай шалгалт өгдөг  болгохыг зорих болсон байна. Яваандаа албаныхны шилжилт хөдөлгөөн, цалин хөлсний нэмэгдэл, урамшуулал, түр алба хаагчдыг цэгцлэх шаардлагатай болсон ажээ. Гэсэн хэдий боловч төрийн ивээл буюу төрийн хараанд байх тогтолцоо хэвээр байсан бөгөөд хууль дүрмээ боловсруулж эхэлсэн байна. Одоо Канадын Төрийн албаны комисс Засгийн газраас хийгддэг өндөр албан тушаалтны томилгооноос бусад томилгоог хийдэг бөгөөд Төрийн албанд тохоохдоо тухайн хүний ажлын ур чадвар, мэдлэгийг шалгахаас гадна сэтгэлгээний онцлогийг түлхүү судалдаг байна. Учир нь ажилдаа сайн, мэдлэгтэй ч төрийн алба буюу удирдан, зохион байгуулах чадвартай байх ёстой гэдэг утгаараа үг дуу цөөтэй хүнийг тохиромжгүй гэж үздэг ажээ. Үндсэндээ Канадад төрийн албанд тохоох үндсэн баримтлал нь “зөв хүнийг зөв газарт” гэдэг байна. Мөн Канадууд улс төрчдийг төрийн албаны ажилтнуудаас ялгаж салгаж өгсөн нь ололттой байсан ажээ. Тухайлбал, цагдаа, сэргийлэхийн ажилтнуудыг төрийн хараанаас ангид байлгах замаар ажлынх нь онцлог, хүнд хэцүү талыг нийгэмд нээн харуулж чадсанаараа төрийн албаны үнэ цэнэ, ойлголт нь сайжрах болсон байна.

Харин Монголын хувьд, Монголын Төрийн албаны зөвлөлд томилгоо хийх эрх мэдэл байхгүй бөгөөд нэр дэвшүүлдэг байна. Ингэхдээ зөвхөн нэг хүнийг санал болгодог ажээ. Цаашдаа төрийн албаны шалгалтын журмыг боловсронгуй болгох, хамрах хүрээг тэлэхэд гадны туршлага хэрэгтэйг албаныхан онцлоод, хоёр улсын алдаа оноог дүгнэж, туршлага солилцох хамтын ажиллагааг сайжруулахад албаныхан санал нэгдсэн юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж