Ажил хийж буй хүн бүр тэтгэвэр авна. Авсан цалингийнх нь тодорхой хувийг улсаас ирээдүйд авах тэтгэвэрт нь зориулан “нөөцөлж” байгаа. Тэр нь тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс. Ажил хийж, даатгал төлж буй хүн бүрт нэрийн данс байдгийг бид тэр бүр мэддэггүй. Тэр ч бүү хэл нэрийн дансандаа хэчнээн төгрөгийн хуримтлал үүссэнийг ч мэддэггүй хүмүүс бий. Мэдээлэлгүй, мэдлэггүй байхад хяналт гэж юм байхгүй нь тодорхой.
Хүмүүс яагаад нэрийн данстайгаа, нэрийн данс гэж юу болохыг мэдэхгүй байна вэ. Ердөө л энэ талаар хариуцагч байгууллага нь иргэдэд олигтой мэдээлэл өгөхгүй байгаатай холбоотой.
1960 оноос хойш төрсөн хүмүүс хэрвээ ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол тэр хүнд нэрийн данс автоматаар нээгдэх бөгөөд сар бүрийн цалингаас суутган авч буй мөнгө уг дансанд ордог гэсэн үг. Бас дээр нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн зургадугаар зүйлд зааснаар таны нэрийн дансны орлогод жилд нэг удаа хүү тооцож байх учиртай. Тэгвэл нэрийн дансандаа хэчнээн төгрөгтэйгөө яаж мэдэх вэ. Энэ талаар холбогдох албан тушаалтнаас лавлахад, “Ажил олгогч байгууллагынхаа харьяалах дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүрч ирээд асуу. Энд программ дээр шалгаад мэдээллийг өгнө” хэмээж байна. Уг нь техник технологи хөгжсөн өнөөгийн нийгэмд энэ зэргийн мэдээллийг онлайнаар дамжуулан авч, шалгачихаж болмоор. Гэтэл ийм боломжийг ч бүрдүүлээгүй байна. Ийм учраас л иргэд нэрийн дансны талаар мэдээлэлгүй байдаг биз. Нийгмийн даатгалын байгууллага энэ талаар хэзээ нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулж эхлэх юм бүү мэд. Тиймээс үүнийг хүлээхгүйгээр шийдлээ. Өөрөөр хэлбэл, манай сонин өнөөдрөөс эхлэн энэ асуудлын араас явна. Нэрийн дансаа олъё, хэдэн төгрөг байгааг, тэр мөнгөнд хэчнээн төгрөгийн хүү тооцогдсоныг, бас үр шимийг нь хэзээ, хэрхэн хүртэхийг мэдье. Уншигч та хамт байгаарай.
Маргаашийн дугаараасаа бид дээрх асуултад дэс дараалан хариулт олохоор араас нь явна. Харин өнөөдөр нэрийн данстай холбоотой гол гол мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
-Нэрийн данс гэж юу вэ?
-Цалин, хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоож байгаа аргыг төлсөн шимтгэлээс нь тооцож тэтгэвэр бодох арга болгон өөрчлөхийг нэрийн данс гэнэ.
-Нэрийн дансыг хэнд нээх вэ?
-Нэрийн дансыг 1960 оны нэгдүгээр сарын 1 ба түүнээс хойш төрсөн 16-наас дээш насны иргэд, даатгуулагчдад нээнэ.
-Нэрийн дансанд хуримтлал хэрхэн үүсэх вэ?
-Иргэний нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн нийт шимтгэл төлж ажилласан хугацаа, цалингийн дунджийг тодорхойлон шимтгэл ноогдуулах замаар нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцож нэрийн дансанд бүртгэнэ. Таны болон ажил олгогчийн төлж буй тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухай бүр нь нэрийн дансанд бүртгэх бөгөөд энэ нь таны ирээдүйд авах тэтгэврийн эх үүсвэр болно. Таны нэрийн дансан дахь мөнгөнд жил бүр хүү тооцно.
-Нэрийн дансанд буй хуримтлалын тухай мэдээллээ яаж авах вэ?
-Нийгмийн даатгалын байгууллага нь таны нэрийн дансанд хуримтлагдаж буй мөнгөний тухай мэдээллийг танд жил бүр хүргэнэ. Иргэн та дарга, цэрэг аль нь ч байсан таны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг үнэн зөв тодорхойлж, нэрийн дансанд зөв бүртгэж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй.
-Нэрийн дансан дахь хуримтлалаа яаж шалгах вэ?
-Даатгуулагчийн нэрийн дансанд шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогынх нь талаархи мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагч бүрт жилд нэг удаа нэрийн дансны “мэдээлэх хуудас”-аар дамжуулан хүргэнэ. Нэрийн дансны”мэдээлэх хуудас”-ыг даатгуулагч ажил олгогчоороо дамжуулан авна. Сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-аас өөрөө авна.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин