“Их Бурхант”-тай адилтгах цогцолбор төв азид лав байхгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

“Их Бурхант”-тай адилтгах цогцолбор төв азид лав байхгүй

Соёлын өвийн төвөөс Дорнод аймгийн Халх гол сумын нутгаас олдсон “Их Бурхант” чулуун бурхны цогцолбор дурсгалыг сэргээн засварлаж байгаа юм. Мөн тус төвийнхөн  долдугаар сарын 1-ний үймээнд хохирсон Уран зургийн галерейн үзмэрүүдийг ч сэргээн засварласан. Эдгээрийг  ирэх сарын 1-нд үзэсгэлэн гаргаж дэлгэхээр болсон байна. Энэ талаар Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбаттай ярилцлаа.

-“Их Бурхант”-ын цогцол­бор дурсгалыг хэзээ, хэн барьсан юм бэ?

-Дорнод аймгийн Халх гол сумын нутагт “Их Бурхант” чулуун бурхны цогцолбор дурсгал байдаг. Энэ дурсгал нь 1870-аад оны үед Дорнод аймагт олноо То ван гэж алдаршсан Б.Тогтохтөр вангийн үед бүтээгдсэн юм билээ. Энэ талаар нутгийн ард олон сайн мэддэг бөгөөд уг чулуун бурхан нь Монгол Улс, БНХАУ хоёрын хилийн заагт байдаг юм.

-Энэ дурсгалтай адилхан цогцолбор Монголд өөр бий болов уу?

-Цогцолборын хийц, хэмжээ нь дахин давтагдашгүй. Энэ дурсгалыг барихдаа чулууг газар шигтгэж, цоолборлож хийсэн байдаг. Хэмжээ, хийцийн хувьд “Их Бурхант”-тай харьцуулах, адилтгах том хэмжээний дурсгал Монголд төдийгүй Төв Азид байдаггүй. Тэгэхээр энэ дурсгал бараг цор ганц гэсэн үг.

-Сэргээн засварлах ажлыг хэзээнээс эхэлсэн бэ?

-Энэ чулуун цогцолборыг эвдэж гэмтсэн байхад нь 1996 онд анхны сэргээн засварлах оролдлогыг хийсэн юм билээ. Тэр үед дурсгалыг цементээр бүрж, өнгө төрхийг нь засч сайжруулсан байсан. Энэ оролдлого хэдийгээр тухайн үедээ сайн арга, санаачлагад тооцогдож байсан ч мэргэжлийн сэргээн засварлах арга техникийн хувьд алдаатай ажиллагаа байсан.

-Энэ алдааг засах уу?

-Тийм ээ, анхны сэргээн засварлалтыг зөв горимд оруулах шийдвэр 2007 онд Монгол Улсын Засгийн газрын 303 дугаар тогтоолоор “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах үндэсний хөтөлбөр” нэртэйгээр гарсан. Энэ хөтөлбөрийг 2008-2015 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан байдаг. Уг дурсгалын бохирдлыг цэвэрлэж, чулуугаар нь сэргээн засварлаад аялал жуулчлалын томоохон дурсгал болгоно гэж хөтөлбөрт заасан байдаг. Ингээд 2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, “Их Бурхант”-ыг сэргээн засварлах комисс байгуулагдсан. Улсын комиссын даргаар тэр үеийн БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр ажиллаж, ажлын хэсэгт Соёлын өвийн төвийн ажилтнууд ч бас багтсан юм. Ингээд 2012 онд БСШУЯ-наас 300 гаруй сая төгрөг, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 100 гаруй сая төгрөг төсөвлөж сэргээн засварлах ажил эхэлсэн.

-Одоогоор ажил ямар шатандаа явж байна вэ?

-Бурхдын цементен бохирдлыг цэвэрлэсэн. Мөн чулуу зөөж авчирч нөхөх сэргээн засварлалт 60-70 гаруй хувьтай явж байна. Энэ зун ч ажил үргэлжилнэ.
 
-Дурсгалыг аялал жуулч­лалын хэмжээнд хөгжүүлж, жуулчдад сонирхуулахын тулд нэмж барих шаардлагатай хэсэг бий юу?

-Нэмж барих шаардлагатай дурсгалын хэсэг байсан. Тэр тал дээр Дорнод аймгийн зүгээс “Их Бурхант”-ын дөрвөн хамгаалагч бурхныг нэмж барьсан. Энэ цогцолборыг сэргээн засварлаж байх үед олон жуулчин байнга ирж үздэг байсан. Ер нь хөл хөдөлгөөн тасардаггүй газар. Засвар бүрэн дууссаны дараа жуулчид бүр ч олноор очих байх гэж бодож байна.

-Сэргээн засварлах ажил ажил хэзээ дуусах вэ?

-Энэ жилийн турш үргэлжилнэ. То ван “Их Бурхант”-ыг байгуулсны 150 жилийн ой ирэх жил тохиох юм. Уг ойн өмнө бүрэн дуусгаж хүлээлгэн өгнө. 

-Цогцолбор хэр том хэмжээтэй вэ?

-“Их Бурхант” Улаанбаатар хотоос 1200 км зайтай байдаг. Цогцолбор нийт гурван хэсгээс бүрддэг. Уг дурсгалыг хамгаалсан хэрмэн хашааны урт нь 200 гаруй метр, өргөн нь 90 гаруй метр. Хамгийн гол дурсгал болох Жанрайсиг 30 гаруй метрийн урттай, 20 гаруй метрийн өргөнтэй чулуун бурхан байгаа юм. Жанрайсигийг газарт хэвтээ байдлаар дүрсэлж чулуугаар шигтгэж барьсан байдаг. Харин дагалдах бурхдыг чулууг цоолборлож хийсэн. Нэг ёсондоо чулуун байгууламж юм даа.

-Соёлын өвийн төв энэ жил өөр ямар үзмэрүүдийг сэргээн засварлах гэж байгаа вэ?

-Энэ жилийн хувьд улс, аймгийн музейн үзмэрүүдээс 100 гаруйг нь засварлана. Үүнээс хамгийн том ажил нь “Их Бурхант” төсөл. Үүнээс гадна өөр нэг чухал ажил байгаа. Булган аймгийн Баяннуур сумын нутгаас олдсон “Шороон бумбагар” эртний нүүдэлчдийн язгууртны бунхант булшийг засна. Үүнийг хоёр жилийн өмнө олж, нээсэн шүү дээ. Үүний хүрээнд ЮНЕСКО-гоос шинжээч авчирч цаашдаа яаж хадгалж, хамгаалах вэ гэдэг асуудлаар зөвлөгөө авч, хамтын ажиллагаа эхлүүлсэн. Мөн ССАЖЯ-наас өмнө баримталж байсан бодлогыг цаашид хэрэгжүүлэх үүднээс нээлттэй музей байгуулах төлөвлөгөөтэй байна. 

-Нээлттэй музей хэзээ баригдах бол. Тэр хүртэл яаж хамгаалах вэ?

-Музейг нээх хүртэл бид бунхант булшийг хамгаалах үүднээс газар доор байгаа ханын зургийг түр нүүлгэн шилжүүлж хадгалахаар болсон. Мөн музейг ямар хэмжээ, зам талбайтай барих зураг төслийг эхлүүлэх, археологийн малтлага хийж байсан талбайг чөлөөлж, хашаа барих гээд олон зүйлийг эхлээд хийх хэрэгтэй болох байх.

-Соёлын өвийн төв байгуулагдсанаас хойш олон үзмэр засварласан байх. Тоолж үзсэн болов уу?

-Соёлын өвийн төв 1988 онд хуучин Соёлын яам гэж байхад Музейн үзмэр сэргээн засварлах урлан гэдэг нэртэйгээр анх байгуулагдсан. Түүнээс хойш одоо бүх музейд байдаг үзмэрүүдийн дийлэнхийг нь сэргээн засварласан. Байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл 5000 орчим үзмэр засварласан байдаг. Соёлын өвийг сэргээнэ гэдгийг хүмүүс их амархан гэж ойлгодог. Газар доор хэдэн мянган жил шороонд дарагдсан үзмэрийг засварлаж хүний нүдэнд үзмэр шиг сайхан харагдуулахад олон дамжлага, шат, цаг хугацаа шаарддаг. Анх олдохдоо түүх, соёлын өв биш харин шороонд булагдсан хог шиг л харагддаг. Тиймээс ийм амаргүй ажлыг хийнэ гэдэг хэцүү. Манай байгууллагын хувьд музейн үзмэрүүдийн нийт 70-80 гаруй хувийг нь засварласан даа. 

-Эдгээр 5000 орчим үзмэрээс хүмүүсийн сайн мэддэг онцгой түүх өгүүлсэн ямар үзмэрийг сэргээж байв?

-Манай улсын түүх, соёлын өвд багтах 700 гаруй үзмэр байдаг. Үүнээс 80 орчим хувийг манай төв засварласан. Хүмүүсийн сайн мэддэг үзмэр гэвэл “Марзан” Шарав гуайн “Монголын нэг өдөр” зураг, “Д.Сүхбаатар” киноны ард гардаг Ленин багшийн хөрөг зэргийг нэрлэж болно. Одоо Уран зургийн галерейд хадгалагдаж байгаа. Мөн Чүлтэм гуайн “Азарганы ноцолдоон”, “Талын айл” зэрэг зураг байна. Мөн Богд хааны ордонд хадгалагдаж байгаа “21 дарь эх”, “Язгуурын таван бурхан” зэрэг зургийг бас сэргээн засварласан.

-Нэг үзмэрийг засварлахад хэр их хугацаа ордог вэ?

-Тухайн үзмэрийн эвдрэл, гэмтэл ямар түвшинд байна гэдгийг тогтоож байж хэр их хугацаа орохыг тодорхойлдог. Бүх үзмэр адилгүй учраас зарим нь долоо хоног, зарим нь гурван сар, бүр гурван жил шаардах нь ч бий.

-Долдугаар сарын 1-ний үймээнээс болж шатсан Уран зургийн галерейн сан хөмрөгийн үзмэрүүдийг одоо хүртэл сэргээн засварлаж дуусаагүй байгаа гэж ойлголоо…

-Энэ ажил 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж одоо бараг дуусах шатандаа явна. Бид сэргээн засварласан үзмэрүүдээрээ Уран зургийн галерейд дөрөвдүгээр сарын 1-нд үзэсгэлэн гаргана. Галд бохирдсон зураг 700 гаруй бий.

Б.МАРАЛ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж