Сирийн босогчид хойд хэсгийн Ракка хотыг эзлэхэд ойрхон байгаа тухай мэдээлсэн даруйд тус улсын Засгийн газрын армийн байлдааны онгоц тус хотыг бөмбөгджээ. Үүний улмаас 20 босогч, нэг энгийн иргэн, арваад цэрэг амь үрэгдсэн байна. ВВС-ийн мэдээлснээр Сирийн босогчид Ракка хотыг эзлэн авснаар Башар аль-Ассадын Засгийн газрын эсрэг томоохон ялалт байгуулах аж.
Ракка нь Туркийн хилийн ойролцоо Евфрат мөрний сав газарт оршдог бөгөөд тус хотод Сирийн зөрчил, мөргөлдөөнөөс дайжсан олон мянган иргэд ирж, суурьшаад байгаа юм байна.
Сирид хоёр жил орчим үргэлжилж буй иргэний дайны улмаас 70 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон мянган иргэд эх орноосоо дүрвэн дайжаад байгаа билээ.
Б.АНХТУЯА