-Та аль нутгийн хүн бэ, ажил амьдралынхаа гарааг хаанаас эхэлж байв?
-Манайх Завхан аймгийн Баянтэсийн айл. Аав, ээж хоёр минь насаараа мал маллаж ирсэн. Ээж одоо ч Төв аймгийн Цээл сумын Хар нуур гэдэг газар хэдэн малтайгаа амин зуулгаа залгуулж яваа. 1980 онд аав, ээж хоёр Дорнодын Эрээнцавын сангийн аж ахуй руу илгээлтийн малчнаар очсон юм. Тэнд би наймдугаар ангиа төгсөөөд Дорнотын барилгын ТМС дүүргэж засал чимэглэлчин болсон. Манайх 1990 оны эхээр Төв аймгийн Цээл суманд нүүж ирсэн. Тэр нутгийн хүнтэй гэр бүл болж, арваад жилийн өмнө хотод орж ирсэн дээ. Ажил хөдөлмөрийн амтыг долоо, наймдугаар ангиасаа мэдэрч эхэлсэн гэж болно. Хаврын хаварт хонь хяргах уралдаант ажилд оролцдог байлаа. Тэгэхэд ангиасаа түрүүлж анх сумтай үзэг, цагаар шагнуулж байснаа мартдаггүй.
-Хүүхдүүд тусад орж байна уу?
-Том нь ажил хийж, бага нь нэгдүгээр ангид сурч байна.
-Аав, ээжийнхээ малч ажилсаг чанараас хэр сайн өвлөж чадсан бэ?
-Тэд маань жинхэнэ малчин хүмүүс. Манайх Цээлд очихдоо хоёр тэмээтэй очиж байлаа. Цээлийнхэн тэмээ мэддэггүй байсан бол одоо тэмээ хөллөдөг, тэмээ хөсөглөдөг болчихсон. Хоёр тэмээ минь өсч үржээд манайхыг “Тэмээт Намсрайнх” гэцгээх болсон. Тэмээ өсөхөө хүрэхээр амархан юм билээ. Гуч гаруй тэмээтэй болчихоод аав минь баярлаж билээ. Ээж одоо дүү Нямсүрэнтэй хамт хэдэн малаа өсгөөд сайн л явна. Заримдаа ээжийнхээ дэргэд очоод амьдаръя гэж боддог ч хүүхдүүдийнхээ сургууль соёлыг бодоод олдсон ажлаасаа хөндийрч чадахгүй юм даа. Багаасаа малын дэргэд өссөн болохоор ажлыг хүнд хэцүү гэж боддоггүй юм. Аав ээжийн ажилсаг хөдөлмөрч чанарын ач байх л даа.
-Танай нөхөр ямар ажил эрхэлдэг вэ?
-Манай хүн Спортын төв ордонд зохицуулагч хийдэг.
-Та цалин хэдийг авч байна даа. Хоёулаа ажиллаж байгаа болохоор амьдрал ахуйдаа хүргээд байдаг биз дээ?
-Миний үндсэн цалин 350 мянга нэмэгдэлтэйгээ 410 мянга орчмыг авдаг нэртэй ч гар дээр 320 орчим ирдэг. Ихэнх нь татварт явчихдаг юм. Хоёр хуваагаад авч байгаа цалин сургуулийн хүүхдийн автобус унааны мөнгө, хоол унданд яваад гар дээр үлдэх нь цөөн. Нөхөр мань 250 мянган төгрөгний цалинтай. Олсон хэдэн төгрөгөө амьдралд хүргэж, бусдаас гуйхгүй амьдрах гэж л зүтгэдэг.
Дөрвөн багыгаа сургуулийг нь төгсгөөд авчих юмсан гэж хүнд ч гэсэн ажилдаа түүртэлгүй хорвоогийн бор хоногийг өнгөрүүлж л явна.
-Гудамж талбайн цэвэрлэгээний ажил хүнд, цалин бага. Энэ тухай танай удирдлагууд дээш нь асуудал тавьдаггүй юм уу. Та нар, эсвэл тийм хүлцэнгүй хүмүүс үү?
-Яриад дийлдэггүй юм аа. Уул нь Хот тохижуулах газар гэж байхад ажилчдынхаа нийгмийн асуудлыг анхаардаг байсан. Одоо хувийн компани болохоор тэр үү, бидний цалин мөнгөний асуудлыг шийдэх тухай ярихгүй л байна. Тэр бүү хэл бидний ажлыг хортой юу, хоргүй юу, хүнд нөхцөлтэй юу гэдгийг шийдэж чадаагүй. Хог дотор нян, химийн бодис эдвийн хорт уусмалууд гээд зүсэн бүрийн хүний эрүүл мэндэд аюултай зүйл зөндөө л. Мөнгөн уснаас аваад тоосонцор, хотын утаа гээд элдвийн муу муухай бүхэн байхын хажуугаар, хүний нус цэр, цус нөж, халдвар нян агуулсан элдвийн вирус байгаа шүү дээ. Тиймээс хортой хүнд нөхцөл мөн биз дээ. Бидний ажил ч бэрхшээмээр хүнд. Нэг буудал хэртэй газрыг цэвэрлэхэд түрдэг хуванцар сав хогоор дүүрдэг. Хэдийгээр бригадаар ажиллаж байгаа ч заримдаа ажлаа дийлдэггүй.
-Та нар өдөрт хэдэн цаг ажиллах ёстой вэ?
-Өглөө 7:30 цагаас ажилдаа ирээд орой 18 цагт буух ёстой ч зарим үед шөнө хүртэл ажилладаг. Үнэхээр амьдрахын эрхэнд хүүхдийнхээ сургууль соёлын төлөө энэ ажлыг хийж байна. Тэгээд ч энэ ажлыг биднээс өөр хийх хүн элбэг олдохгүй л болов уу, Залуучууд тогтож ажиллахгүй.
-Ажлын нөхцөлийг шийдээгүй юм бол тэтгэвэр тогтоолгоход асуудалтай гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. 2008 онд Шар хантаазтнуудын III чуулган гэж болоход энэ бүхэн яригдсан. Түүнээс хойш таг чиг. Харин саяхнаас хувийн бус улсын мэдлийнх болох юм гэсэн яриа гарч байна билээ. Тэгвэл цалин нэмэгдэж амьдралд нэмэртэй болох байх. Гэхдээ ажлын нөхцөлийг тодорхойлоогүй цагт цалин нэмэх гэдэгт итгэлтэй биш байгаа.
-Хоол унд, автобус унааны мөнгө өгдөг үү?
-Өдөрт нэг удаа компани дээрээ очиж хоол иднэ. Хоол үнэгүй. Автобус унааны мөнгө гэж өгдөгүй. Хоолоо идэх гэж хаа байсан Улиастайгаас автобусанд суугаад кондукторуудад өнөө өвгөнтийн Бөбөө нар шиг аашлуулж загнуулаад л явна шүү дээ. Заримдаа ч сэтгэлээр унадаг л юм.
-Хаа байсан Улиастайгаас ирж үдийн хоолоо иднэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?
-Бид бригадаараа Зүүн дөрвөн замаас Улиастай хүртэл хогоо хамж дүүрэхээр нь дагаж яваа машиндаа ачуулаад л зөндөө хол явчихна шүү дээ. Нэг буудлын хооронд нэг тэрэг хог элбэг гарна гээд бод доо. Өнөөдөр яваад цэвэрлэсэн газраас тэр хэмжээний хог маргааш нь дахиад л гарна шүү дээ. Бид шороо бослоо, тоос бослоо гэх мэдрэмжгүй болчихдог. Өвлийн нөхцөлд ажиллах маш хүнд. Хүйтэн цемент дороос хайрч, хотын утаа хоолой ам хорсгоод, цэвэрлэх орчин ч харагдахгүй. Шөнө гарч ажиллахад хотын утаа бүр их. Гэрэлтүүлэг муу болохоор машинд шүргүүлэх бол энүүхэнд. Бага зэргийн шүргэлтийг тоохоо больчихно шүү.
-Тантай тийм зүйл тохиолдож байв уу?
-Дөрөв дэх хүүгээ гарах жил Офицеруудын ордны урд зам дээр микро автобусанд дайруулсан. Зузаан хувцастай явсандаа л амьд гарсан. Тархи хөдөлж, хоёр сар хэвтсэн. Ганц айж байсан юм гэдсэн дэх хүүхэд. Санасныг бодоход эрүүл саруул сайхан хүү төрсөн. Төрсөн хойноо шүүх дээр очиход намайг дайрсан жолооч хэргээ хаалгаад явчихсан байсан. Нэг үгээр, шүүх авч хэлэлцээгүй. Хууль бидэнд ингэж л үйлчилдэг.
-Бригад гэхээр хэдүүлээ ажилладаг вэ?
-Манай бригад арван гурвуулаа. Компани жолооч, ажилчидтайгаа нийлээд 280 гаруй хүнтэй. Бидний дунд өрх толгойлсон эмэгтэйчүүд олон. “Хоггүй орчинд амьдаръя” гэсэн уриан дор ажилладаг. Ажлын багаж хүрз, сүх, шүүр, түрдэг хуванцар тэрэг. Өвлийн нөхцөлд цас мөстөхөөрөө дийлдэхгүй. Их нүдүүлнэ. Зуны улиралд үер борооноор урсч ирсэн хог, зузаарсан шороо дийлдэхгүй. Хүйтэн цемэнтэн дээр өдөржин зогсоно гэдэг өвөлд хайраад, зунд нь амьсгалаа авах аргагүй дороос төөнөөд хэцүү дээ. Их цас орсон үед амралтгүй ажиллана. Энэ өвөл хэд хэдэн удаа шөнө гарч ажилласан. Манай ажлыг ойлгож мэддэг хүмүүс нь ойшоодоггүй болохоор хотын иргэд ч яаж мэдэх билээ. Цэвэрлээд өнгөрсөн газраа эргээд ирэхэд хэдийнэ л хог хаячихсан байдаг.
-Уучлаарай, би таныг түрүүнээс хойш бие давхар биетэй юм уу даа гэж харлаа?
-Бие давхар. Тавдугаар сард төрнө. Хөл хүнд гэхгүй хөлдүүсээ нүдээд л хамт олныхоо дунд ажиллаж л явна.
-Танаас өөр давхар биетэй эмэгтэй олон ажиллаж байна уу. Ийм нөхцөлд танай компаниас хөнгөн ажилд хуваарилдаггүй юм уу?
-Манай бригадад хоёр бий. Би ч яах вэ. Харин анхны хүүхдээ тээж байгаа залуу бүсгүйн өмнөөс санаа зовдог. Бусад бригадад ч төрөх болсон эхчүүд байж л байгаа. Хөнгөн амар ажил гэж манайд байхгүй юм чинь бид ч ийм тийм гэж ярьдаггүй л дээ.
-Ажлаа тараад харих л хамгийн сайхан байх даа?
-Манай нэг хүүгийн хичээл өглөө ордог. Орой ирэхэд тэр маань галтай, галгүй хүлээгээд сууж байдаг юм. Арай эрт ирдэг нь би. Тэгээд л ар араасаа цуварч ирцгээнэ. Гэртээ ирэх шиг аз жаргалтай юм хаа байх билээ. Хүүхдүүдээ хараад өдрийн явдал, ядарснаа хүртэл мартчихдаг юм. Хэдийгээр авдаг хэд маань амьдралд хүрэлцэхгүй үе олон гардаг ч ажилтай яваа минь л надад хамгаас сайхан санагддаг.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин