
Техник хэрэгслийн шинэчлэлтийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 860 гаруй сая төгрөгийн өртөг бүхий аврах ажиллагааны бүрэн тоноглогдсон гурван автомашиныг ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдорж өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн бие бүрэлдэхүүнд гардуулан өглөө. Нэг автомашин 200 гаруй сая төгрөгийн өртөгтэй бөгөөд автомашин тус бүрийг ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Holmatro” фирмийн аврах ажиллагааны техник, багаж хэрэгсэл дагалдаж байгаа аж.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас Шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой уялдуулан хүн амын нягтрал, төвлөрлийг харгалзан аврах, гал унтраах ангийн иж бүрэн барилгыг шинээр барих, байгуулах, аврах ажиллагааны автомашин, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, аврах, шуурхай бүлгийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
Д.ЖАРГАЛ