Хүчил цацсан хэрэгт хоёр бүжигчнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Хүчил цацсан хэрэгт хоёр бүжигчнийг баривчилжээ

Оросын алдарт “Большой театр”-ын уран сайхны удирдаач Сергей Филиний нүүр рүү багтай этгээд хүхрийн хүчил цацсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан билээ. Энэхүү халдлагын улмаас Сергей Филиний нүдний хараа маш их гэмтсэн бөгөөд одоогоор тэрээр Германд эмчилгээ хийлгэж, гоо сайхны мэс засалд орохоор бэлтгэж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Оросын цагдаагийн газраас Сергей Филиний биед халдсан хэрэгт гурван хүнийг баривчилсны хоёр нь “Большой театр”-ын бүжигчин гэнэ.

ВВС-ийн мэдээлснээр цагдаагийн газраас гоцлол бүжигчин Павел Дмитрийченког эрэн сурвалжилсны эцэст өчигдөр баривчилсан байна. Түүнээс өмнө цагдаа нар бүжигчин Юрий Заруцкий болон халдлага үйлдэгчид унаагаар үйлчилсэн хэмээн сэжиглэгдэж буй Андрей Липатов нарыг баривчлаад байсан аж.

Павел Дмитрийченко нь 2002 оноос “Большой театр”-ын бүжигчдын багт бүжиглэж эхэлсэн бөгөөд Сергей Прокофьевийн “Догшин Иван” жижгийн гол дүрд тоглож байжээ.

Оросын цагдаагийн газраас мэдээлснээр шөнийн цагаар Сергей Филиний нүүр рүү багтай этгээд хүхрийн хүчил цацсан хэрэг гарах үед түүний гэрийн ойролцоох гудамжны хяналтын камерт хэргийн дүрс бичигдэн үлдсэн ч хэн гэдгийг нь таних боломжгүй дэндүү бүрсгэр байгаа аж. Үүний зэрэгцээ Сергей Филин өөрт нь халдсан хүнийг хэн гэдгийг мэднэ гэдгээ өнгөрсөн удаа мэдэгдсэн ч цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа нэрийг нь зарлах ёстой гэнэ. Түүнчлэн тэрээр гэмт этгээд өөрийнх нь албан тушаалаас үүдэн хэргийг үйлдсэн гэдэгт итгэлтэй байгаа юм байна. Харин цагдаагийн газраас “Большой театр”-ынхан дунд гэмт этгээдийг гэрчлэх хүн байгаа хэмээн сэжиглэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Одоогоор баривчлагдаад буй хоёр бүжигчин болон Сергей Филин нарын хооронд ямар нэгэн зөрчил, өс хонзон байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж