Анхны өлсгөлөнг 23 жилийн өмнө зарлаж байжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Анхны өлсгөлөнг 23 жилийн өмнө зарлаж байжээ

23 жилийн өмнөх гуравдугаар сарын 7-ны өдөр Ардчиллын алтан хараацай нар анхны өлсгөлөнг зарлаж, тухайн үедээ тэсрэлт хийж байсан юм. Нэг намын дарангуйлал тогтож, нийгэм бүхэлдээ айдас хүйдэст автсан тэр үед ардчилсан хувьсгалыг эхлүүлнэ гэдэг зориг зүрх шаардсан хэрэг байсныг санаж буй хүн олон бий. Тэр дундаа улстөрийн өлсгөлөн зарлана гэдэг бүүр ч танил биш эрсдэлтэй алхам байсан юм. 1990 оны гуравдуугаар сарын 7-ны өдөр буюу эмэгтэйчүүдийн баярын өмнөх өдөр зарласан улстөрийн анхны өлсгөлөнд МоАХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүд болох Б.Батбилэг, Э.Бат-Үүл, З.Эрдэнэбат, И.Жавхлант, Д.Дорлигжав, Б.Галсандаш, Д.Энхбаатар, Г.Бошигт, Д.Нинж, Б.Хишигбат нарын хүмүүс дээр дөрвөн хүн нэмж орсны дотор ганцхан бүсгүй байсан нь Ш.Нина юм. Улстөрийн анхны өлсгөлөнд оролцож  байсан Б.Хишигбат болон Ш.Нина нар 23 жилийн өмнөх түүхийг эргэн дурсаж ийн ярилаа.

“Партизан”-уудын 30 хувь нь амьралд хөл алджээ

Б.Хишигбат 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 14 цагаас гуравдугаар сарын 9-ны өдрийн 22 цаг 15 минутыг хүртэл үргэлжилсэн өлсгөлөнд оролцсон анхдагчдын нэг. Тухайн үед тэрбээр нийслэлийн 84 дүгээр сургуулийн МХЗЭ-ийн хороон даргаар ажиллаж байжээ.

-Социалист нийгмийн үед МХЗЭ бол МАХН-ын залуу халаа байсан. Намын ажлыг залгамжлах хүмүүсээ эвлэлээр хүмүүжүүлдэг байсан. Тэдний нэг байсан хэр нь ардчиллын үйл хэрэгт оролцох болсон нь ямар шалтгаантай вэ?

-Үнэн шүү. МХЗЭ гэдэг МАХН-ын дайчин туслагч байлаа. Гэвч тухайн үеийн залуусын дунд нийгмийн бурангуй байдлыг ойлгож ардчиллыг мөрөөдсөн хүмүүс цөөнгүй байсан. Тэдний нэг нь л би. Тиймээс ч 1989 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Ардчилсан холбоонд элсэж байсан. Өлсгөлөн зарлах үед МоАХ байгуулагдаад дөрвөн сар болж байсан юм. Нэг намын дарангуйллыг халж олон намын тогтолуоонд шилжих, нэг үзэл суртлаас олон ургальч үзэл суртлыг нэвтрүүлэх, социалист нийгмийн халах  гэхчилэн бидний зорилго их байсан. Тэр бүгдэд МАХН-ын Улстөрийн товчоо чөдөр саад болж байсан учраас бидний эхний шаардлага Улстөрийн товчоог огцруулах байлаа.

-Та бүхний хичээл зүтгэл талаар болсонгүй. Монгол Улс ардчилсан улс болж чадсан. Гэвч өнөөдөр ардчилсан хувьсгалын партизануудаас  “Энэ миний хүссэн ардчилал биш” гэсэн гомдол сонстох боллоо. Таны хувьд ийм бодол төрдөг үү?

-Үгүй ээ, бидний хүсч зорьж бүтээсэн бүхэнд би хайртай. Төгс ардчилал гэж хаана байхгүй. Аливаа процесс өрнөхдөө шулуун дардан зам туулдаггүй. Бартаа саад, тотгор тохиолдохыг алийг тэр гэхэв. Бартаа тохиолдоно гэдэг ардчиллаас ухарсны шинж биш. Өнөөдрийн Монголд иргэд нь эрх чөлөөтэй, улс төр, эдийн засаг нь нээлттэй, тэгш хэмтэй, хэвлэл мэдээлэл чөлөөтэй байна. Энэ бүгд ардчиллын гавьяа. Түүх түүх болохоосоо өмнө хүний мөрөөдөл байдаг гэсэн үг бий. Тэр үеийн бидний мөрөөдөл амьдрал болчихоод байхад бид “Хүссэн ардчилал энэ биш”  гэж хэлж болохгүй.

-Ардчиллын “партизан”-ууд хүссэн ардчиллынхаа ачийг амсаж чадаж байгаа юу?

-Ардчилсан хувьсгалыг байгуулалцсан нөхдийн маань бараг 40 хувь нь биднийг орхин мөнх бусыг үзсэн байдаг. Үлдэгсдийн маань тал хувь нь шахам нийгэмд байр сууриа олж, сайн сайхан ажиллаж, амьдарч байна. Харин шлдсэн 30 хувь нь идэвхгүй амьдарч байна.

-Идэвхгүй гэдгийг тодруулбал?

-Алдаж онож, архи дарс, алиа цэнгээнд хөл алдсан гэх үү дээ. Гэвч тэдний гавьяа үдгэрэх учиргүй л дээ.

-Та одоо хаана ажиллаж байна вэ?

-Би Хотын гаалийн газрын даргаар ажиллаж байна.

Нөхөртэйгээ хуруудаад би ялсан болохоор өлсгөлөнд оролцсон

1990 оны улстөрийн өлсгөлөнд оролцсон ганц эмэгтэй Ш.Нина өдгөө гавьяаныхаа амралтыг авчээ. Хань Н.Алтангэрэлийнхээ хамт халуун залуу насандаа ардчиллын үйл хэрэгт зүтгэж явсандаа тэрбээр огтхон харамсдаггүй гэнэ. Харин жил бүрийн мартын өмнөхөн хэвлэлийн “од” жаахан зовоод байх юм хэмээн даруу зан гаргаж байлаа.

-Та тэр үед хаана ажиллаж байсан бэ. Социализмын хатуу дэглэмд аав ээж, хань ижил, найз нөхдөөсөө зөрөн ардчиллын төлөө зүтгэнэ гэдэг эмэгтэй хүнд ахахдсан хэрэг байсангүй юу?

-Азаар миний хань ардчилсан үзэлтэй хүн байсан юм. Н.Алтангэрэл гэж ардчиллын анхдагчийн нэг. Тиймээс надад ар гэрийн дарамт харин байгаагүй. Аав ээж бол айж л байсан байх. Гэхдээ ханьтайгаа мөрийцаж байгаад би ялсан болохоор өлсгөлөнд оролцсон. Нөхөр маань бие муутай учраас би өөрөө өлссөн. Тухайн үед би нэгдсэн гуравдугаар эмнэлэгт эмчээр ажиллаж байсан юм. Гэхдээ би өвчтөнгүүдээ орхиод өлссөн хэрэг биш шүү. Би статистикч эмч. Тэгэхээр статистикийн мэдээллийг нөхөөд хийх боломжтой байсан.

-Одоо бол хүмүүс янз бүрийн ашиг сонирхлоор өлсгөлөнд оролцог болсон. Тухайн үед ямар нэг ашиг харж байгаагүй биз дээ?

-Үгүй дээ. Нөхөр бид хоёр цэвэр өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлынхоо дагуу ардчилалд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Түүнээс ашиг хонжоо харж байсангүй. Тухайн үед тийм бусармаг зүйл дэлгэрээгүй байсан даа. Хүмүүс мэднэ. Харин ч их эрсдэлтэй хэрэгт залуу насны аагаар оролцсон юм шүү.

-Гуравдугаар сарын тэр нэг өдрийг МоАХ-ынхан хэрхэн дурсдаг вэ. Та бүхнийг баярлуулдаг уу?

-Жил бүр мэндчилгээ ирүүлдэг юм. МоАХ зөндөө л баярлуулдаг даа. Бид хоёрт хоёр өрөө байр бэлэглэсэн. Баярлаж явдаг даа.

Өнөөгийн бидний эрх чөлөөт нийгмийг цогцлоохын төлөө амь биеэ зориулж явсан ардчиллын анхдагчид ийн ярилаа.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж