Б.Сэр-Од гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од гэрээгээ сунгалаа

Монгол хүний тэсвэр тэвчээрийн илэрхийлэл болж, дэлхийн хөнгөн атлетикийн ертөнцөд Монгол хэмээх нэрийг өндөрт өргөж яваа Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд өнөөдөр баярт үйл явдал тохиолоо. Тив, дэлхий, олон улсын чанартай уралдаан тэмцээнд тогтмол өндөр амжилт үзүүлж яваа тэрбээр амжилт гаргах нэгээхэн хүчин зүйл болох санхүүгийн асуудлаа даатгах эзэнтэй болсон юм.

Саяхан /хоёрдугаар сарын 26-нд/ Хонгконгт болсон Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнээс Б.Сэр-Од аваргын алтан медаль хүртсэн. Монголын түүхий хуудаснаа шинэ мөр үлдээсэн түүний амжилтыг үнэлж, “Бодь Интернэшнл” компанийн удирдлагууд өнөөдөр Гавьяат тамирчин Б.Сэр-Одыг хүлээн авч, хамтран ажиллах гэрээгээ сунгасан юм. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэмцээн уралдааны зардал, шаардлагатай бэлтгэлд нь туслалцаа үзүүлж байсан тус компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал Н.Нацагдорж, Үйл ажиллагааны газрын захирал Д.Шинэбаяр, Гавьяат тамирчин Б.Сэр-Од нар гэрээнд гарын үсэг зурав.

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний марафон гүйлтийн төрөлд топ 20-д багтаж, Монголын төдийгүй Азийн марафончдын амжилтыг баталсан түүний Азийн аварга хэмээх цол Монголын түүхэнд шинэ зүйл юм. Монголын тамирчид хөнгөн атлетикийн ААШТ-ээс дөрвөн медаль хүртсэн. Эхнийх нь Д.Намжилмаагийн, дараагийнх нь Д.Махаширигийн эх орондоо авчирсан зээрэнцэг шидэлтийн мөнгөн медаль. Тэгвэл удаахь хоёр нь марафон гүйлтээр, тэр тусмаа Б.Сэр-Одоор овоглож буй. Өмнө нь 2008 онд мөнгөн медаль зүүж байсан тэрбээр энэ жил 2:17:56 цагийн амжилтаар аваргын алтан медалиар энгэр чимлээ. Энэ жил Хонгконгт болсон Азийн аваргад шар тивийн 20-иод орны шилдгүүд оролцжээ. Онцлог нь уралдааны зам нэлээд онцлогтой, дэлхийн хамгийн хүнд, тамирчдаас ихээхэн ур чадвар, техник, тэсвэр тэвчээр шаарддаг замуудын нэг гэнэ. 100-гаад метр огцом өгсүүр гүүрээр гүйнэ, уралдааны 32-35 дахь км-ийг далайн төвшнөөс доош 64 метрт байрлах газар доорх хонгилоор гүйж, туулдаг гэх мэт тамирчин хүний тэсвэрийг шалгах олон нугалаа ихтэй гэдгийг Б.Сэр-Од гавьяат хэлж байлаа.

Гавьяат тамирчин Б.Сэр-Одтой цөөн хором ярилцлаа.

-Мэдээж тамирчин хүний амжилтын үндэс нь санхүүгийн асуудалтай зайлшгүй хамааралтай байдаг. Таны хувьд өнөөдөр “Бодь интернэшнл” компанитай хамтран ажиллах гэрээгээ сунгалаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юү?

-Бээжингийн олимпийн өмнө буюу 2007 оноос хойш “Бодь” групптэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж, олимпийн өмнөх сорилго тэмцээн, дэлхийн мажор марафон, олон улсын чанартай олон тэмцээн уралдаанд түрүүлэхэд “Бодь”-ийн хамт олон тусалж, дэмжиж байсан. Мэдээж миний амжилтын бас нэг чухал хүчин зүйл нь байсан. Хамтран ажиллах гэрээний маань хүчин төгөлдөр хугацаа дууссан байсныг ийнхүү өнөөдөр сунгаж, гэрээгээ үзэглэлээ. Цаашид хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна.

-Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хаана, хэрхэн хангасан бэ?

-Бээжин хотноо бэлтгэл сургуулилтаа хийсэн. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 10-наас хойш Бээжинд бэлтгэлээ базааж байгаад арваннэгдүгээр сард Японы Осака хотноо болсон олон улсын марафонд Монгол Улсаа төлөөлөн оролцож, түрүүлсэн байгаа. Үргэлжлүүлээд тэндээ бэлтгэл сургуулилт хийж байгаад Хонгконгт очиж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод, түрүүлээд ирлээ.

-Азийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Лондонгийн олимпиос хойшхи анхны том уралдаан энэ байсан. Өмнө нь Монголын тамирчид хөнгөн атлетикийн төрөлд Азийн аваргаас алтан медаль авч байгаагүй. Зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Намжилмаа, Д.Махашири нар мөнгөн медаль хүртэж байсан. Харин гүйлтийн төрөлд 2008 онд би мөнгөн медаль хүртсэн. Сая алтан медаль хүртлээ. Марафон гүйлтийн төрөлд Монголд анхдагч болж, анхны гэх амжилтуудын эзэн болж байгаа учраас Ази тивийн аварга гэдэг миний зорилгын нэгээхэн хэсэг байлаа.

-Таны хувьд бэлтгэл сургуулилтаа үргэлж гадаадын улсад хийж байна. Монголдоо бэлтгэл хийхэд хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудал юу байна вэ?

-Марафон гүйлт бол гадаа талбайд, авто зам дээр уралддаг спорт. Олон улсын төвшинд хүчтэй өрсөлдөгч байхын тулд, амжилт гаргахын тулд зайлшгүй өндөр төвшинд бэлтгэлээ сайн базаах ёстой. Одоохондоо Монголд олон улсын стандартад нийцсэн тартанан замтай, 400 метрийн тойрог зам байхгүй байна. Тиймээс өөр улсад очиж, бэлтгэл хийхээс өөр аргагүйд хүрдэг дээ.

-Таны дараагийн төлөвлөгөө юу байна. Ээлжит уралдаанаа сонгосон уу?

-Ирэх дөрөвдүгээр сарын дундуур нэг уралдаанд оролцохоор төлөвлөж байна. Одоохондоо тэмцээний зохион байгуулагчдаас албан ёсоор урилга ирүүлээгүй байна. Элит тамирчин гэдэг утгаараа урилга хүлээж авсны дараа хариугаа хэлдэг зүйл бий.

-Ямар тэмцээн юм бол?

-Одоогоор оролцох эсэх нь эцсийн байдлаар тодроогүй байгаа болохоор хаана, хэдийд болох ямар тэмцээн гэдэг талаар ярихад арай эрт юм болов уу.

-Та одоо бэлтгэл сургуулилтаа хийхээр Бээжин рүү буцах уу?

-Тэгнэ дээ. Ирэх даваа гаригт явна.

-Таны жилийн календарчилсан төлөвлөгөөнд ер нь хэчнээн тэмцээн багтдаг вэ. Жилд хэдэн уралдаанд хүч сорьж байна вэ?

-Жилд доод тал нь дөрөв, дээд тал нь зургаа. Гэхдээ зөвхөн бүтэн марафон тэмцээнийг тооцвол… Үүний хажуугаар тав, арван км-ийн уралдаан, хагас марафонд гүйлтэд оролцож байгаа.

-Мэдээж ирэх наймдугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотноо болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн таны гол зорилго байх?

-Тэгэлгүй яахав. Дэлхийн аваргын өмнө дээр дурдсанчлан дөрөвдүгээр сард болох тэмцээнд оролцож, өөрийгөө сорих бодолтой байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж