Америкийн Флорида мужийн Сеффнер хотын иргэн, 37 настай Жэфф Буш гэртээ байж байгаад унтлагынхаа өрөөтэй хамт гэнэт газрын гаваар оржээ. Унтлаганы өрөө байсан газар нь зургаан метр өргөн, 15 метр гүн алам нүх гарсан байна. Болсон явдлаас хойш тэр нүх томорсоор одоо өргөн нь ес, гүн нь 30 метр болоод байгаа юм. Аврагчид Ж.Бушийн цогцсыг олоогүй, олох найдвар ч тасарсан тул ажиллагааг зогсоосон бөгөөд одоо уг байшинг бүрмөсөн буулгах, нүхийг бөглөх ажил явагдаж байна.
Одоогийн байдлаар Ж.Жэффийн байшинг буулгаад, зөөж дуусч байна. Үүний дараа мэргэжилтнүүд нүхийг нарийвчлан судалж, эндэхийн байшин барилгыг цаашид хөрсний нуралтад өртөхөөс урьдчилан сэргийлэх аргыг боловсруулах аж. Байшинг яаралтай буулгах шийдвэр гарангуут эзэд нь гэртээ байсан мөнгө төгрөг, компьютер, Америкийн далбаа, гэрийнхнийхээ фото зургууд, хүүхдийн тоглоом, Библи судраа аваад гарчээ. Тэд энд 1974 оноос хойш суусан бөгөөд “Би ганц ахыгаа ч алдсан юм биш. Хэзээ ч, юугаар ч орлуулж болшгүй олон дурсгалтай зүйл энэ байшинтай хамт үгүй боллоо. Үгүй болсон амьдралыг юугаар ч орлуулж болдоггүй юм байна” гэж Жэрэми харуусан ярьсан байна.
Байшинг буулгахыг харахаар ойр хавийнх нь олон арван хүн иржээ. Одоо тэд өөрсдөө байшингаа газрын гаваар орчих вий хэмээн нойргүй хонож байна. Ж.Буштай ойр хөрш сууж байсан олон айлыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэд гэртээ хэзээ буцаж харихаа мэдэхгүй байгаа юм. Нүх улам томрох нь магадтай тул тэдний хоёр хөрш айл эндээс бүрмөсөн нүүжээ.
Флорида мужийн Байгаль орчныг хамгаалах газрын ажилтнуудын тайлбарлаж байгаагаар бол энэ явдалд ер бусын зүйл огт үгүй гэнэ. Флоридад ийм явдал хэзээнээсээ л байсгээд тохиолддог аж. Энэ мужийн хөрс шохойлгоос гадна карбонатын баялаг агууламжтай гэнэ. Хүчил ихтэй хөрсний ус ийм хөрсийг уусгадаг бөгөөд ингэснээр газрын хэвлийд хоосон зай үүсч, яваа яваандаа нуралтад хүргэдэг байна. Хоосон зай хаана үүссэнийг, борооны ус урьд нь тогтдоггүй байгаад гэнэт тогтдог болсон газраар баримжаалан тодорхойлж болдог ч энэ нь бас төдийлөн найдвартай арга биш гэнэ. Болсон явдлаас хэдэн долоо хоногийн өмнө Ж.Бушийнд албаны хүн ирж, нуралт үүсэх аюул бий эсэхийг шалгаад “Зүгээр юм байна” гээд явжээ.
Сеффнер хот байдаг Хиллзборо тойрог “Нурдаг хөндий” гэдэг нэрээрээ алдартай аж. Нуралт үүсдэг тул Флоридагийн даатгалын компаниудын хийсэн энэ төрлийн гэрээний гурваны хоёр хувь нь энд оногддог байна. 1954 оноос хойш уг тойрогт 500 удаа ийм явдал бүртгэгджээ. Тэр бүү хэл нуралтаас болж үүсэх эрсдлийг байшингийн даатгалд заавал оруулж байх заалт Флоридагийн хуулинд байдаг аж.
Ж.Бушийнд тохиолдсон явдал нэг зүйлээрээ туйлын онцгой байгаа нь, маш гүнзгий нүх гарсан явдал юм. Гэхдээ хамгийн гүнзгий нүх нь ч энэ биш, юу гэвэл 1981 онд Орландо хотын ойролцоо газар цөмөрч нэг байшин, таван машин, усан сангийн нэг хэсгийг залгихад, гарсан нүх нь 121 метр гүн байжээ.
Энэ талын нэртэй мэргэжилтэн Тэйлор Ярковски, Флоридаг швейцарь бяслагтай зүйрлэжээ. Түүний хэлснээр Флорида мужийн аль ч айл Ж.Бушийн хойноос газрын гаваар ороход гайхах зүйлгүй гэнэ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин