Ингэснээр өдрөөс өдөрт алдагдаж буй гэх хүнсний аюулгүй байдлын асуудал бага ч болтугай цэгцрэх болов уу гэсэн итгэл хууль сахиулагчдын ч, иргэдийн зүгээс ч гарч буй юм. Гэвч энэ хуулийн хэрэгжилт ямар байх, хэр үр дүнтэй болохыг цаг хугацаа харуулах бөгөөд ямартай ч Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 20-ноос эхлэн эл хуулийн хэрэгжилтийг шалгаж эхлэх юм байна. Гэвч сард нэг удаа шалгах уу, эсвэл тогтмол ажиллуулах уу гэдэг нь тодорхойгүй байна.
Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гаднаас буюу урд хөршөөс импортоор оруулж ирдэг. Гэвч бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнс бие организмд шаардлагатай шим тэжээлийг өгч чадахгүй байгаа, чанар аюулгүй байдал нь 0 заачихаад буй гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрдөг. Хүнсний аюулгүй байдал алдагдах, бүтээгдэхүүний чанар, баталгааны хувьд хангалтгүй байгааг албаны хүмүүс хэлдэг ч ямар арга хэмжээ авч буй нь бүрхэг байдаг юм. Үүний нэг жишээ нь эл хууль хэрэгжихээс хэдхэн хоногийн өмнө ундаанд хордож амиа алдсан гэх мэдээлэл тарсан. Эл золгүй хэрэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Орхон аймагт гарсан бөгөөд нэг айлын хоёр хүүхэд жүүсэнд хордож, нэг нь амиа алдаж, нөгөө нь биеийн байдал нь муу сэхээнд байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн юм. Мөн үүнтэй яг адил хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан гэсэн. Толгойтод нэг айлын гурван хүүхэд мөн ундаанаас хордож нэг нь амиа алдсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ мэдээллийн мөрөөр бид цагдаагийн байгууллага болон Нийслэлийн болон МХЕГ-аар орсон юм. Юуны өмнө бид Орхон аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаас энэ талаар тодруулуулахад “Манайд ундаанаас хордож амиа алдсан гэх гомдол ирээгүй. Одоогоор мэдэгдсэн зүйл алга” гэв. Мөн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I, II хэлтсийн дарга нараас энэ талаар асуухад бас л тийм мэдээлэл ирээгүй гэж байна. Бид энэ талаар НМХГ-ын холбогдох хүнээс тодруулахыг хичээсэн ч мөн л “Ийм мэдээлэл ирээгүй. Мэдээгүй юм байна” гэсэн үгээр ам тагласан. Харин Орхон аймагт гарсан гэх хэргийн талаар МХЕГ-аас асуусан ч “Тийм хэрэг болоогүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Судалж үзье” гэснээр таг болов. Ийнхүү холбогдох газрууд нь мэдээгүй гэх уг хэргийн талаар ташаа мэдээллийг жүүс, ундаа үйлдвэрлэгчид өрсөлдөгчийнхөө нэр хүндэд халдах зорилгоор зориуд тараасан гэх хардлага ч байгаа юм билээ.
Гэхдээ ийм хэрэг гарсан байлаа ч гайхаж эргэлзэхээргүй нөхцөлд бид амьдарч байгаа. Яагаад гэвэл манай улс дэлхийн 13 орноос хүнсний бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг бөгөөд дийлэнх нь БНХАУ-аас гэж байгаа. Мөн манай улсын иргэд урд хөрш рүү зорчихдоо манай томоохон компаниудын үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд хаяг шошготойгоо дэлгүүрийнх нь лангуун дээр өрөөстэй байдаг нь гайхшрал төрүүлдэг тухай өгүүлдэг юм.
Түүнчлэн МХЕГ-аас саяхан сургалт зохион байгуулж томоохон сүлжээ дэлгүүрүүдийн агуулахыг хариуцсан ажилтнуудыг хамруулсан. Энэ тухай МХЕГ-ын нөлөө бүхий албан тушаалтан “Зарим томоохон сүпермаркетууд хадгалалтын горим алдагдаж, хугацаа нь дууссан, хаана хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн дээр өөрсдөө он, сар, өдрийг нь бичээд наачихдаг. Гэхдээ манайхан их хэнэггүй, юу идэж ууж, хоол хүнсэндээ хэрэглэж байгаагаа мэдэхгүй шууд худалдан авдаг. Гэтэл тэр бүтээгдэхүүн нь удсан, жимс жимсгэнэ нь хорчийж хатсан, хиам махан бүтээгдэхүүн нь муудаж, хөгцөрсөн байдаг. Үнэндээ монголчууд хоолондоо хордож үхэхэд ойрхон болсныг онцолмоор байна” хэмээн өгүүлж байсан. Энэ тухай нэг баримт дуулгахад өнгөрсөн сард “Миний дэлгүүр”-ээр дуучин А.Хаянхярваа үйлчлүүлэхдээ муудсан жимс зарж байсныг нь баримтжуулж цахим хуудастаа нийтэлсэн. Уг дэлгүүрт зарж байсан тоор жимс хүн худалдаж авах нь байтугай барих аргагүй болтлоо муудсан байжээ. Энэ мэтчилэн тус дэлгүүрийн зарж буй хүнсний бүтээгдэхүүнээс үхсэн хачигны сэг, тутраганы шөвгөр хошуут цох гэх мэт хүний санаанд оромгүй хорт зүйлс илэрч байсан баримт ч бий юм.
Статистикийн хорооноос гаргасан мэдээллээр бидний хүнсэндээ хэрэглэж байгаа махны 6.4, сүүний 2.2 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж, бусад нь мал эмнэлэг ариун цэврийн хяналтаас гадуур бэлтгэсэн бүтээгдэхүүн эзэлдэг гэсэн. Мөн зах зээл дээр худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүслийн хувьд тодорхойгүй чанар, эрүүл ахуйн шинжилгээнд хамрагдаж баталгаажаагүй байгаагаас хүнсний аюулгүй байдал алдагдах бас нэг нөхцөл болж буй юм. Хамгийн гол нь хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэй ч нэг талаараа алдаа дутагдалтай.
Энэ сэдвийн хүрээнд бид хүнс худалдаж авахдаа юу анхаардаг вэ гэсэн асуултыг зарим хүнд тавилаа.
Орхон аймгийн иргэн Г.Бүдсүрэн:
-Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа тэр бүр эргүүлж тойруулж үзээд байдаггүй. Гэхдээ гол төлөв он сар хугацааг нь хардаг. Хүнс тамхины хууль хэрэгжиж эхэлснийг би хувьдаа дэмжиж байгаа. Харин одоо тэр Хүнсний хуулиар нь ТҮЦ-үүдэд болон гадаа жижиглэнгийн аргаар зардаг Хятадын резинин чихэр, жимс, алимыг хориглох хэрэгтэй. Бага насны хүүхдүүд байнга тийм чихэр авч иддэг.
Баянгол дүүргийн X хорооны иргэн Б.Шийрэв:
-Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хамгийн түрүүнд үйлдвэрлэсэн газар, он сарыг нь хардаг. Хамгийн гол нь дотоодын бүтээгдэхүүнээ түлхүү хэрэглэж сурах шаардлагатай. Монголын бүтээгдэхүүэн гэж худлаа хэлээд урдаас авчирч зардаг нь харамсалтай. Нөгөө талаар гадаадаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмж, харин дотоодынхыгоо гадагшаа гаргах талаар анхаарвал зохилтой. Хүнсний бүтээгдэхүүнд хордохгүй байх баталгаа алга. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ч эрсдэлтэй. “Атар” талхан дотроос шархны боолт гарч ирсэн, “Зочин” хиамнаас 00-ын цаас гарч ирлээ гээд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг сонсох л юм. Хэрэв энэ бүгд үнэн бол хүнсний аюулгүй байдал алдагсаны тод жишээ дээ.
Баянгол дүүргийн IV хорооны иргэн А.Эрдэнэсоёл:
-Үнэндээ бид юу идэж ууж хэрэглэж байгаадаа анхаарах цаг болсон. Хүнсний бүтээгдэхүүнд чанар хамгийн чухал. Тиймээс он сар өдрөөс эхлээд орц найрлагыг нь хүртэл харахыг хичээдэг. Миний хувьд худалдан авах гэж байгаа зүйлээ хадгалалт, гаднах цэвэрхэн байдал, дуусах хугацааг нь хардаг. Гэхдээ хэдийгээр сайн үзэж харж авдаг ч чанартай баталгаатай, эрүүл хүнс хэрэглэж байна уу гэдэгтээ эргэлздэг. Заримдаа дэлгүүрээс сүү, тараг авахад гашилсан байдаг. Жимсний хувьд бүр ч ярих зүйл байхгүй. Худалдаж авахад хүндрэлтэй. “Миний дэлгүүр”-т зардаг жимс арай дэндүү байдаг. Түүнийг нь мэргэжлийн хяналтынхан шалгадаг эсэхийг мэдэхгүй.
Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Амаржаргал
-Хүнсний тухай хуулиар бидний идэж ууж хэрэглэж байгаа зүйлсийг хянах харах байлгүй дээ. Хүнс авахдаа хамгийн түрүүнд үйлдвэрлэсэн он сар, хугацааг хардаг. Аль болох үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсдэг ч хүнсний дэлгүүрүүдээр худалдаалж байгаа тараг, сүү, хиам, мах махан бүтээгдэхүүн хугацаа хэтэрсэн, хадгалалтын горим алдагдсан байдагт харамсдаг. Монголын бүтээгдэхүүн ч гэсэн баталгаагүй чанаргүй, аюултай болсныг янз бүрээр харуулах юм байна шүү дээ.
Чингэлтэй дүүргийн X хорооны иргэн Л.Шашмаа
-Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошгыг нь нээх их анзаардаггүй. Хааяа хугацааг нь лавлаж хардаг. Ер нь бүх л хүнс хортой байна. Мах нь л гайгүй юм биз дээ гэхээс биш. Манай улсад хууль нь хэрэгжихгүй. Хүнсний тухай хууль гарсан л гэсэн, иргэдэд тэр талаар мэдээлэл сайн хүрдэггүй. Сүүлийн үед монгочууд хавдраар нас барах нь ихэссэн. Энэ чинь хүнсний бүтээгдэхүүнтэй л холбоотой шүү дээ. Бүх зүйлд итгэх аргагүй болсон. Тийм болохоор гурил, мах хоёроо л идэж байна даа.
Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Ц.Баянмөнх
-Миний хувьд хүнсний ямар нэг бүтээгдэхүүн авахдаа заавал хугацааг нь хардаг. Гэхдээ хугацаа харлаа ч итгэхэд хэцүү болсон байна шүү дээ. Хугацааг нь хуурамчаар бичсэн байдаг гэх юм билээ. Тиймээс бид өөрийнх нь эрүүл мэндэд заналхийлэх, хүнсний ямар нэг бүтээгдэхүүнийг авахдаа болгоомжтой байх хэрэгтэй байна. Мэргэжлийн хяналт, стандартын байгууллагын хяналт чухал байна.
Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн Г.Баяржаргал
-Хүнсний бүтээгдэхүүнээс муудсан ногоо авахгүй байхыг илүүтэй хичээдэг. Ногоо амархан мууддаг болохоор, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь элбэг. Манайд зориулалтын агуулах сав ховор юм шиг байдаг. Тиймээс чадах ядахаараа муудсан зүйл идэхгүй байх гэж хичээж л байна. Саяхан хоёр хүн ундаанд хордоод амь насаа алдсан гэж сонссон. Тийм болохоор хүүхдүүддээ янз бүрийн ундаа уулгахаа больсон. Бүр болохгүй бол жүүс л уулгаж байна. Ер нь эрүүл хүнс хэрэглэж байна гэдэгтээ 100 хувь итгэж чадахгүй л байна шүү дээ. Ядаж 80 хувь нь эрүүл байгаасаа л гэж найдаж байна даа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин