Хөгжим, бүжгийн коллежийн багш Да.Тунгалаг болон түүний төрсөн дүү ХБК-ийн багш, тэнхимийн эрхлэгч Д.Бурмаа нар 13 шавийнхаа хамтаар “Төгөлдөр хуурын чуулга” хэмээн нэрлэсэн уран бүтээлийн хамтарсан тоглолтыг өнөөдөр үзэгчдэд хүргэх нь ээ.
Тоглолтыг Да.Тунгалаг багшийн “Хаан хуурын түрлэг” нэртэй концертоос санаачлан зохион байгуулж байгаа аж. Төгөлдөр хуурч Д.Тунгалаг багш Киевээс төгсч ирээд л төрөлх сургуульдаа багшаар ажилласнаас хойш 31 жилийг ардаа үджээ. Одоо түүний шавь нар аль хэдийн өөртэй нь мөр зэрэгцсэн багш нар болоод, зарим нь үр хүүхдээ багшдаа шавь оруулж явна гээд бүхэл бүтэн нэг үеийг тойрчихсон аж.
“Миний шавь нар-Миний ажлын үр дүн” гэж ярих дуртай Тунгаа багшийн “бүтээгдэхүүнүүд” ХБК болон СУИС-д багшлахаас эхлээд ДБЭТ гэх мэтчилэн хөгжмийн хамааралтай бүх л газруудад мэргэжлээрээ ажиллаж байгаа. Өнөөдөр тавигдах тоглолтонд нь шавь нарынх нь төлөөлөл оролцох бөгөөд багшийн үүргээ хэрхэн биелүүлснээ нотлон харуулах нь ээ.
Уг тоглолтод төгөлдөр хуурч Д.Тунгаа, Д.Бурмаа нарын шавь нар болох Л.Баярмаа, Н.Гарьд, Б.Төгсбаяр, У.Оюунгэрэл, Ж.Туяа, Д.Ундрах, Ж.Буяндэлгэр, Н.Мөнхтуяа, Б.Ариунаа, Б.Энхмаа, Т.Цолмон, С.Алимаа (Ами), Н.Ганчимэг нар оролцох юм. Монголдоо анх удаа төгөлдөр хуурын ансамбль концерт хийх гэж байгаагаараа энэ тоглолт их онцлогтой. Энэ нь ДБЭТ-ын тайзнаа нэгэн зэрэг дөрвөн төгөлдөр хуур дээр найман хүн, 16 гараар тоглох аж. Тоглолтонд орох зохиолын хувьд сор болсон сонгодог зохиолоос эхлээд орчин үеийн, модерн гээд янз бүрийн хөгжмийн стилийн зохиолууд тоглогдох аж. Дэлхийн жишигт ийм концертыг мэргэжлийн төгөлдөр хуурчид тоглодог бөгөөд одоо манай хөгжимчид ийн тоглох гэж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг юм. Та сонгодог урлагийн хаан хөгжмийн “Piano Ensemble” тоглолтод саатан оюуны таашаал хүртээрэй.