&#34Хотын хөгжлийн төлөө чанартай ажил шаардана&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

&#34Хотын хөгжлийн төлөө чанартай ажил шаардана&#34

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.ИДЭРЦОГТ: Бид ирээдүйн хотынхоо хөгжлийн төлөө чанартай ажил л шаардана

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогттой ярилцлаа.

-Танай газар шинээр байгуу­лаг­дан үйл ажиллагаа эхлээд удаагүй байна. Ер нь ямар чиг үүрэгтэй байгууллага бий бол­чихов?

-Манайхыг ямар байгууллага байгуулагдчихав гэж олон хүн асууж, сонирхож байгаа.  Товчхон­доо төр, аж ахуйн нэгж байгуул­лагаас ажил үйлчилгээ худалдан авах газар гэж ойлгоход болно. Тендер шалгаруулалт гэдгээр нь иргэд илүү мэднэ. Төрийн худалдан авалтыг мэргэжлийн байгууллага зохион байгуулдаг байх, ингэснээр төсвийн хөрөнгийг үр ашигтай хэрэгтэй зүйлд нь, ил тод, чанартай зарцуулагддаг болгох зорилгоор шинэчлэлийн Засгийн газар шинэ бүтцийг бий болгож, худалдан авал­тын мэргэжлийн байгууллагыг Засгийн газар, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд байгуулаад байна.

Ер нь өмнөх тендерүүд бай­гууллага бүрийн, цаашлаад дарга бүрийн үзэмжээр явдаг байсан гэхэд хилсдэхгүй. Нэгдсэн бодлого байхгүйгээс төрөөс тавих хянал­тын бүтэц ч тодорхойгүй. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт чанаргүй байна, ашиггүй зүйлд их хөрөнгө зарж байна гэсэн шүүмжлэлийг иргэд, олон нийтээс байнга  гарах шалт­гаан болсоор ирсэн. Өнөөдрийн хотын утаа, замын түгжрэл, хог шороо, бухимдал бүгд тодорхой хэмжээгээр тендертэй холбоотой . Сайн гүйцэтгэгчээ сонгож чаддаггүй, гүйцэтгэгчтэйгээ хариуцлага  тооц­дог юм байхгүй. Ийм л явж ирсэн.

-Танай байгууллагад ямар эрх үүрэг шилжин ирж байна?

-Нийслэлийн төсвийн хөрөн­гөөр худалдаж авах бараа ажил үйлчилгээний тендерүүд  манай газраар дамжиж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

-Тендер шалгаруулах ажлыг танайх шууд гардан зохион байгуулах юм уу, хуучин шиг үнэлгээний хороо гэсэн тусгай бүтэц дор чинь ажиллах уу?

-Тендерийг шалгаруулах Үнэл­гээний хороо Засаг даргын захи­рамжаар байгуулагдана. Үнэлгээ­ний хороог байгуулах санал захи­рамжийн төслийг бид Засаг даргад танилцуулна. Үнэлгээний хороо шударга ил тод ажиллах, иргэний нийгмийн болоод мэргэжлийн хол­боодын төлөөлөл, энгийн иргэний төлөөллийг оролцуулан зохион байгуулах үүрэг хариуцлага манай дээр ирж байна.

-Үнэлгээний хороон дээр асуудал яригддаг. Тэнд орсон хүмүүс аль нэг эрх ашигт үйл­чилсэн гэх яриа байнга хардлага дагуулж ирсэн. Өмнөхөөсөө шинэ юм юу байна?

-Үнэлгээний хороон дээр эц­сийн сонголт хийгддэг учраас тэнд хамгийн гол анхаарлаа хандуулах ёстой. Бидний үндсэн үүрэг зорил­го бол худалдан авалтыг шударга нээлттэй ил тод байдлаар зохион байгуулж хамгийн сайн гүйцэтгэг­чийг сонгон шалгаруулах. Үнэлгээ­ний хороо хараат бусаар ажил­лах, дотроо хяналттай байх, үйл ажиллагаа нь бусдын нөлөөнд автахгүй ажиллах бүх нөхцөлийг хангаж өгнө. Ер нь тухайн жилд ямар хөрөнгө оруулалт хаана хийгдэхээс эхлээд үнэлгээний хороо байгуулагдан ажиллах, эцсийн сонгон шалгаруулалт хийх зэрэг бүх мэдээллийг өөрийн ца­хим хуудсаар нээлттэй тавиад явна. Үнэлгээний хорооны бүрэл­дэ­хүүнд гэхэд л захиалагч байгуул­лагын төлөөллөөс гадна тухайн чиглэлийн мэргэжлийн холбоод ТББ-ын төлөөлөл, нийслэлийн жирийн иргэний төлөөлөл  ордог болсон гээд шинээр авч хэрэг­жүүлж байгаа ажлууд нэлээн бий. Хөндлөнгийн байгууллагуудын төлөөллүүд  үнэлгээний ажил зөв шударга явагдаж байгаа эсэхэд хяналт тавина. Үнэлгээний хороо хуралдах тусгай тоноглогдсон өрөөг бид бэлдэж байна. Хэн ямар компанийг яаж үнэлж байна, шу­дарга байж чадаж буй эсэх нь видео бичлэгээр баримт болоод хадгалагдана. Шаардлага ханга­хааргүй  компанийг дэмжээд ялуу­лах гээд зүтгээд байвал баримтаар  бичлэгийг нь үзэж нотлогдвол хариуцлага тооцно. Үнэлгээний хорооны гишүүн нь тендерт орол­цож буй  аж ахуй нэгжийн алинд нь, ямар санал өгсөн, ямар байр суурьтай байв гэдэг нь иргэдэд нээлттэй байна л гэсэн үг. Ер нь  бүх мэдээлэл нээлттэй, элдэв хуйвал­дах нөхцөлийг хаагаад хяналтыг нь чангаруулсан тохиолдолд  хуулийн дагуу баримт бичгээ сайн бүр­дүүлсэн, шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан компани шудар­гаар гараад л ирнэ.

-Иргэний төлөөлөл ордог болсон гэхээр содон байна. Өмнө нь дугаар хорооны иргэн Дорж үнэлгээний хороонд орж байсан практик бий юу?

-Байхгүй юм билээ. Шинэч­лэлийн Засгийн газар иргэнээсээ асуудаг төртэй байхыг  зорьж ажиллаж байгаа шүү дээ. Хэн нэг иргэнийг оруулж байна гэдэг үнэл­гээний хороо шударга ажиллахын бас нэг баталгаа болно гэж бид үзэж байгаа. Одоо бол дугаар хорооны иргэн хэн ч байсан үнэл­гээний хороонд орох  эрх нь нээлт­тэй. Худалдан авах ажиллагааны анхан шатны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан иргэн НИТХ-д хандан нэрээ өгөхөд л хангалттай. Одоогийн байдлаар жирийн иргэ­дийн төлөөлөл гэхэд 40 хүний нэрийг нийслэлийн ИТХ-аас гаргаж ирүүлээд байна. Мэдээж үнэлгээ­ний хорооны гишүүдийн тоо хяз­гаартай тул нэг үнэлгээний хо­роонд нэг л иргэн орох хуультай байгаа.

-Үнэлгээний хороо маань олон талын төлөөллөөс бүрдэж чадсан уу?

-Бодлогоо барьж л гишүүдийг томиллоо. Дээр өгүүлсэн  мэргэж­лийн байгууллагууд болон мэргэж­лийн холбоодын төлөөлөл зэрэг аль болох бодит үнэлгээг тавьж чадах олон талын төлөөллүүдийг оруулахыг зорьж ажилласан.  Жишээ нь зам барилга дэд бүтцийн  салбарт  гэхэд л  тухайн чиглэлийн ТББ-уудаас санал нэрсийг авч, шинэ бүрэлдэхүүнээр шинэ үнэл­гээ­ний хороодыг бүрдүүллээ.

 Нэг зүйлийг онцлоход нэг хүн олон тендерийн хороонд ордгийг хязгаарлаж байгаа. Тэр байтугай үнэлгээний хорооны гишүүн хэнд ямар компанид санал өгөх гэж байгаагаа эцсийн мөч хүртэл мэ­дэхгүй байх боломжийг хүртэл судалж байгаа. Гэхдээ үүнд хүрэ­хийн тулд бэлтгэл ажил маш их хэрэгтэй байна. Мэдээллийн техно­логийн чиглэлийн ажлуудаас эх­лээд.

-Урьд нь тендер шалгаруу­лахад тодорхой байгууллагуу­даас нөлөөлж, царцааж, зогсоо­дог байсан. Жишээ нь Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар (ШӨХЗГ)-ын нэг байцаагч зогсоодог. Ийм хөндлөнгийн нөлөөлөл цааш байх болов уу?

-Чиг үүргийнхээ дагуу тэдгээр хяналт шалгалтууд нь байж л  таарна. Гэхдээ одоогийн баримт­лах  хуулийн зохицуулалт нь өөр. Тендер нээхээс өмнө өрсөлдөө­нийг хязгаарласан асуудал гарлаа гэвэл ШӨХТГ-т хандаж болно. Тендер нээснээс хойших гомдолыг ганцхан Сангийн яам хүлээж авна. Гэрээ байгуулснаас хойших гомд­лыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ. Хуульд ингэж л заасан байгаа. Манай байгууллагын зүгээс ба­римталж ажиллах бодлого нь  тендер эхнээсээ ямар нэг гомдол санал дагуулахгүй байхуйцаар шударга, зохион байгуулалттай­гаар явагдах ёстой. Бүх юм ил тод, мэдээлэл тэгш нөхцөлд хүндрэл гарахгүй байх боломжтой гэж үзэж байгаа.

Ингэж ажиллахад  зохих нөлөө­гөө үзүүлэх бас нэгэн шинэ бүтцийг бид бий болгосон. Энэ нь орон тооны бус зөвлөл юм. Энэ зөвлө­лийн үндсэн үүрэг нь худалдан авах ажиллагаа зөв, шударга, хууль ёсны дагуу явж чадаж байна уу гэдэгт хяналт тавина. Тэгээд зөвлөмжөө өгнө. Нэг ёсондоо авлигаас, тендерийн будлианаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээ­сэн зөвлөл юм. Орон тооны бус зөвлөлд хүнээ оруулах саналыг АТГ, ШӨХЗГ, ТББ-ууд, Мэргэжлийн холбоодод хүргүүлсэн. Саналууд ирж байна.

-Бүх ажлууд дээр үнэлгээний хороо байгуулагдчихсан уу, танайх байгуулагдаад удаагүй болохоор л ингэж асууж байна л даа?

-Өнөөдрийн байдлаар үнэл­гээний хороо байгуулагдаагүй 4-5 орчим ажил байна. Бусад нь бай­гуулагдаад эхнээсээ тендер зар­лагдаад явж байна. Газар маань шинэ бүх зүйлийг эхнээс нь хийж  байгаа болохоор ажил бол жин­хэнэ ундарч байна. Дүрэм журмаа боловсруулах, хүний нөө­цөө бүр­дүүлэх, худалдан авалтын болоод төрийн ажилд сургах, тендерүүдээ цаг хугацаанд нь зарлах гээд олон ажлыг зэрэг зэрэг л амжуулах гэж хичээж байна даа.

-Саяхан танай байгууллагаас тендерт оролцогч компаниуд­тайгаа уулзаж байх шиг байсан?

-Замын хэдэн ажил зарлагд­чихсан байгаа юм. Энэ ажилд оролцох хүсэлтэй компаниудыг урьж Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газартай хамтраад тенде­рийн өмнөх уулзалтыг хийлээ. Хувийн хэвшлийнхний 40 гаруй төлөөлөл ирсэн. Эхнээсээ тэднийг ижил мэдээллээр хангаж, нэг гараанаас гаргана.  Дахин давтан хэлэхэд бүх юм тодорхой байх ёстой. Гарч болох бүх эрсдэл сайн муугаа эхэлж  ярьж ойлголцох хэрэгтэй. Компаниудаас хамгийн гол нь чанар шаардахаа хэллээ. Ийм уулзалт өмнө нь хийгдэж бай­гаагүй юм билээ. Уулзалт хийснээр оролцогч  компаниуд материалаа бүгд жигд сайн бүрдүүлнэ, жижиг алдаа гаргахыг сэргийлж чадна. Үүнийг   өрсөлдөөн шударга явах нэг нөхцөл юмуу гэж харж байна.

-Өнгөрсөн  хугацаанд тендер дандаа муу нэр дагуулж явж ирсэн болохоор таныг "За тэр нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар чинь хэн оччихов" гэж харж байгаа байх. Та өөрийгөө товч танилцуулах нь зөв байх?

-Би өөрөө Татварын байгуул­лагад олон жил ажиллаж байсан төрийн албан хаагч анхдагчдын л нэг. Татвартаа байцаагчаас дүүр­гийн татварын хэлтсийн дарга хүртэл ажиллаж байсан. Мөн "Монгол шуудан" компанийн захир­лаар хэдэн жил ажилласан. Хувийн хэвшилд бас тодорхой хугацаанд  ажиллаж үзлээ.

 Үнэнийг хэлэхэд би энэ албанд ирэхдээ эхэндээ дуртай байгаагүй. Сонгуулийн дараа намын болов­сон хүчний хувьд  ажиллах саналаа удирдлагууддаа хүргүүлсэн. Гэтэл хотын удирдлагууд энэ ажлыг санал болгоход нь эхлээд татгалз­сан. Маш их хэл амтай газар, тендерийг бүгд мөнгө гэж хардаг, намайг буруугаар харна өөр ажил хийе гэж хэлсэн. Өмнөөс "Мэдээж тэгж харах нэг нь харах л байх, гэхдээ хэн нэг нь хийх ёстой. Чамд төрийн ажлын туршлага бий, аж­лыг зөвөөр аваад явчих ёс сурта­хуун бий гээд л томилсон. Надад өгсөн итгэл бас өндөр хариуцлага л даа.

Би төрийн албанд үүрэг ха­риуц­лага хүлээн томилогдсоны хувьд энэ газрыг эхнээс нь зөв босгож, зөв эхлүүлэхийн төлөө  ажиллаж байна. Э.Бат-Үүл, Д.Бат­тулга  дарга нарын энэ их эрч хүчтэй хийж байгаа ажлыг манай байгууллагын ажлаар дүгнэх зүй­лүүд ч  гарна байх гэж харж байгаа. Миний хариуцсан ажил олны анхаарлын төвд байнга байдаг, тэр хэрээрээр хэл ам дагуулсан, эмзэг байгууллага. Худалдан авах ажиллагааны газрыг  бие даалган тусад нь гаргаснаар ямар өөрчлөлт шинэчлэлтийг хийв гэж иргэд, аж ахуй нэгжүүд анзаарч, шударга байхыг л хүсч байгаа гэдгийг мэ­дэрч байна. Худалдан авах ажил­лагааг мэргэжлийн байгууллагад хариуцуулснаар гарах дэвшлийн  үнэ цэнэ нь ард иргэд, энэ хотын ирээдүйн хөгжил дэвшилд чиглэг­дэнэ гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс бидний ажил илүү өндөр хариуцлагыг шаардаж байгаа юм.

Ажилчдадаа би байнга анхаа­руулж байгаа. Манай ажил бол төрийн ажил дотроо хамгийн их анхаарал татсан, хэл аманд ороо­цолдохоор, сайн хийсэн ч муу хэлэгдэхээр ажил шүү. Ажлаа ил тод  нээлттэй, шударга явуулсан цагт зөвхөн хэл ам төдийгүй хүмүү­сээ ч  хардлага сэрдлэгээс сэр­гийл­нэ гэж хэлдэг. Албан үүргээ гүйцэт­гэхдээ ямар нэг гадны нөлөөнд автахгүй  ажиллахыг хатуу шаар­дана. Энэ бол миний зарчим.

Нэг зүйлийг давтан хэлэхэд манай байгууллагын зүгээс ажлын чанар л шаардана. Чанартай ажил л ирээдүйд энэ хотын маань хөгжил шүү дээ. Аж ахуй нэгжүүдэд хэлэ­хэд гарааны нөхцөл чинь ижил байна, ийм л нөхцөлийг бүрдүүлэ­хийн төлөө манай хамт олон ажил­лаж байна гэдгийг хэлэх байна. Би өөрөө иргэн хүн. Иргэн хүний нүдээр энэ байгууллагыг яаж харж байсан, ямар дутагдал байна, яаж ажиллавал илүү үр дүнтэй вэ гэсэн тэр л мэдрэмжээрээ энэ байгуул­лагыг харж удирдаж байгаа. Зөв зүйлийг зорьж ажиллаж байгаа болохоор хамт олон маань  амжил­тад хүрнэ гэж найдаж байгаа.

П.ХАШЧУЛУУН
Эх сурвалж: www.DNN.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж