Цадиггүй улс төрийн автор нь МАХН

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Цадиггүй улс төрийн автор нь МАХН

МАХН-д баяр хүргэе! МАХН-ын гишүүн-УИХ-ын дарга нь яамдын дэд сайд, агентлагуудын орлогч дарга нарыг цөөлөх лүндэн буулгалаа. МАХН-ын дарга-Ерөн­хий сайд   нь төрийн өм­чит хувьцаат компаниудын ТУЗ-ийг өөрчлөх шийдвэр гаргав. Тэгэхээр баяр хүргэхээс өөр яалтай. Хамгийн сонирхолтой нь 1990-ээд онд улсын мэдлийн бараг бүх объект хувьчлагдсан. Харин 2000 оноос хувийн биш, төрийн гэх тодотголтой хуваарилалтууд явагдсан билээ. Үнэхээр ч Монголд өнөөдөр төр гэж байхгүй. Гагцхүү бүлэглэлүүдийн эрх ашиг л гэж бий. УИХ, Засгийн газрын хүрээнд дэд бүтэц, эрдэс баялаг, боловсрол, эрүүл мэнд, бүр хүүхдийн мөнгө хэлэлцэхэд ч цаана нь салбар яамд  гэдэгчлэн сал­бар бүлэглэлүүд улстөрчдийг байнга “түлхүүрдэж” байдаг.

    МАХН 2000 онд засгийн эрхэнд дахин гарч ирэхэд албан тушаалын “бялуу” хуваах, тохиролцоо хийх, суудал наймаалцах зэрэг үг монгол хэлний үгсийн санг арвижуулсан. Явцуухан хүрээнд сэмхэн шийдэгддэг эл асуудал УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа улам төгөлдөржиж, “Дэд сайдын суудал 300 саяын үнэтэй” хэмээх ил тод дуудлага худалдаа болтлоо цадигаа алдсан юм. Тэр ч бүү хэл эвслийн, үндэсний эв нэгдлийн, тэгээд хамтарсан гэх тодотголтой албан тушаалын наймааг төрийн дээд хэмжээнд хийх болсон нь МАХН-ын нөлөө. Сангийн яамныхны мэдээлснээр, 151 мянган төрийн албан хаагчийн олонхи нь “МАХН-ын гишүүн” гэсэн пайз зүүгээстэй. МАХН+Ардчилсан нам=60:40. Бүлэглэлүүдийн төрийн дээд хэмжээнд хийдэг тохиролцооны эцсийн гаргалгаа нь ийм юм. Хамтарсан Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатайгаа нийлээд 15 сайдтай. Үүний ес нь МАХН-ын гишүүд. Салбар хариуцсан яамдын зарим нь хоёр дэд сайдын суудалтай. Дээр нь Төрийн нарийн бичгийн дарга нар, томчуудын лоб­биг зохицуулдаг газ­рын дарга нар гэхчлэн бү­лэг­лэлүүдийн шу­налын    “үр”-ийг ха­риу­лаг­чид олон бий. Тэднийг “Сүнсээ худалдагсад” гэж тун товчхон тодорхойлчихож ч бас болно.

Намын нэрээр… Албан тушаалын наймааны соёлжсон хэлбэр нь энэ. Тодруулбал, “Намын нэрийн өмнөөс би энэ албан тушаалд томилогдсон” гэж ярих хүн Монголоор нэг байна. Төрийн өмчийг МАХН-ын нэрийн өмнөөс “манаж” байсан Л.Пүрэвдорж үүргээ сайн гүйцэтгэсэн учир төд удалгүй УИХ-ын гишүүн болсон. Тэгээд эцэст нь төрийн мөнгөний санг захиран зарцуулагчаар тодорсон билээ. Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчит хувьцаат компаниудын удирд­лагуудын дийлэнх нь МАХН-ын хандивлагчид бай­даг нь нууц биш. Ерөнхий сайд эдгээр компанийн ТУЗ-д өөрчлөлт оруулах үүргийг ТӨХ-ны дарга  Д.Сугарт өг­сөн нь албан тушаалын ху­ваарилалт дахин явагдахын л дохио. Өөр юу ч биш. Улсын мэргэжлийн хяналтын ерөн­хий газрын дарга байх­даа Хонгор сумыг хор­дуул­сан гэмтнээр тодорч, иргэний хөдөлгөөнийхөнтэй нударга зөрүүлэх шахсан Д.Батбаатарыг Ерөнхий сайд С.Батболд саяхан Тавантолгойд бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсныг том орд тойрсон тохиролцоо гэж дүгнэхээс өөр аргагүй. Экс Ерөнхийлөгч Н.Багабандийн хувьд ч ялгаа байхгүй. Өөрийгөө “Royal zone” буюу “Титэм бүс” хэмээн өр­гөм­жилсөн тэрбээр 1960-1970-аад оныхныг албан тушаалын өндөрлөгт хүргэснийхээ хариуг сая авсан. Улсын Ерөнхийлөгч байсан хүн “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн гэхээр ямар вэ дээ. Нэг түүх өгүүлье. БНСУ-ын нэгэн парламентч 2005 онд манай улсад ирэхдээ УИХ-ын зарим гишүүнээс “Танай улсын Ерөнхий сайд асан хүн хувийн компанид зөвлөх хийх юм. Өндөрлөгөөс уруудах хэлбэрээр улс төр хийдэг нь монгол ёс уу” хэмээн асуусан гэдэг. Экс Ерөнхийлөгчөөс гадна УИХ-ын дар­га асан С.Төмөр-Очир    үүний сонгодог илэр­­хийлэл юм. Хууль тог­тоох дээд байгууллагын дар­гаас яамны дэд сайд, бүр МУИС-ийн ректор хүртлээ уруудаж яваа энэ жишиг үнэхээр ариун явдал уу. Ер нь тэр заавал дарга байх ёстой хүн үү. МАХН-ыг УИХ-д олонхи болгодог нэг хөшүүрэг нь аймгийн Засаг дарга нар. Нийслэл хот, 21 аймгийн Засаг дарга нарын дөрвөөс бусад нь тус намын харьяалалтай. Сум, дүүрэг, хороо, баг гэхмэтчилэн тоочвол дийлэнх нь МАХН-ын гишүүд. Тэднээс хэн нэгэн нэр дэвшигчид сонгуулийн үеэр үнэнч зүтгэсэн нь аль нэг яам, агентлагийн дарга, орлогч болдог бичигдээгүй хуультай. 

Энд нэг зүйл онцлоход, ир­гэний хөдөлгөөнийхөн 2004 онд жагсаал, цуглаан хийх моод дэлгэрүүлэв. Үүнийг МАХН-ын зарим ги­шүүн тун овжин ашиглан тэмцлээр шантаажилж, ал­бан тушаалд томилогдох ШБОС хэрэгжүүлсэн. Хар л даа. Хаа байна вэ, тэр Онц их хурлын төлөө хөдөл­гөөнийхөн. Байхгүй. Учир нь тус хөдөлгөөний тэргүүн Т.Гантулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам­ны Төрийн нарийн бичгийн дарга болсон. “Шинэ эргэлт”-ийнхэн байна. “Элсний 13”-тай хүч хавсарч, С.Баярын тө­лөө гар өргөцгөөсөн тус хөдөлгөөний тэргүүн Ч.Жар­галсайхан өдгөө Байгаль ор­чин, аялал жуулчлалын яамны дэд сайд. “Элсний 13” бол ойлгомжтой. Тэд төв банкны ерөнхийлөгчөөс төрийн түшээгийн суудал хүр­тэл сүлжээгээ улам өр­гөжүүлсэн билээ.Тийм ч учраас УИХ-ын дарга, Ерөнхий сайдын учиртай за­хирамж, үүргүүд улс тө­рийн тохиролцоонуудыг да­хин өдөөнө. Гэвч албан ту­шаалын наймааны эцсийн үр дүнд “хөлөг онгоц” живж эхэллээ. Тиймээс экипажийг дахин өөрчилж, даргыг нь шинээр сонгоод ч нэмэргүй. Учир нь “хөлөг онгоц” бол Монголын засаглал юм. Харамсалтай нь үүнд засвар хийхэд дэндүү оройтжээ. Шийдвэр гаргасан, гаргаагүй фракциуд хоорондоо албан тушаалын наймаа хийж л таарна. Тэгээд ч цадиггүй улс төрийн автор нь МАХН шүү дээ.

С.Баттулга.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж