Ардчилсан намынхны наймаа

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхны наймаа

Энэ хамтарсан Засгийн газрыг унагах шалтгаан  ч юм уу бусад үйл явдлаас  илүү тэдний хоорондоо ингэтэл сайн ойлголцоод байгаа нь сонирхол татдаг юм. Яахав, анх хамтрахаас өөр арга байгаагүйг, эсвэл С.Баяр танхимаас нэрээ татсаны дараах үеийн Засгийн газрыг хэвийн үргэлжлүүлэх  зо­рилготой элдэв  алх­муу­даас эрх­гүй  ийм бодол төрдөг юм л даа. Хэл амаа ойлголцох гол бодлогыг  МАХН тодорхойлж, АН-ынхан хүлээн зөвшөөрч байгаа  дүр зураг л харагддаг.Өнөөдөр ч ялгаагүй. Анх үзэл бодлын энэ том зөрүүг яаж ч бодсон хамтад нь төсөөлшгүй гэдэг үг олон хүний  амнаас унаж байсан. Уг нь үнэн л үг. Нэг нь залуучуудаар байн­га цус сэлбэж чад­даг гэж өөрсдийгөө тодор­хойлдог, зүү­ний чиг баримжаатай. Харин нө­гөө талд  нь манайдаа л залуу гэдэг боловч чиг баримжааны хувьд дэлхийд “хөгширсөн” барууны гэж нэрлэдэг үзэл баримтлалтай. Зөвхөн эндээс л бодоход улс төрийн ийм хоёр голлох хүчин нэг хөнжилд орж сонгуулийн хугацааг дуусгана гэдэг эргэлзээтэй. Гэвч манайд улс төр ч, нийгэм ч, иргэн нь ч өөр учраас ийм онолорхуу зүйл газар авахаа нэгэнт больсон шүү дээ. Ялангуяа  АН-ын  хувьд  дээрх зөвшил гэх юм уу, нэгдэл гэмээр “хэл ам ололцох” аргад хамгийн туршлага хуримтлуулж буй нь нууц биш. Хэн нэгэнтэй ойлголцохын тулд заавал наймаалцах  ёстой гэдэг энгийн зарчмыг   МАХН-д маш сайн тулгаж  чадаж байгаа гэхэд болно. Гэхдээ энэ бол тийм ч сайрхахаар  зүйл биш л  дээ. Ялангуяа эдийн засгийн  тогтворгүй, инфляци оны эцэст одоогийнхоос өсөхөөр байгаа энэ үед. Дээрээс нь Засгийн эрхийг хамтад нь барих зарчим дээр тохирсон эрх баригч  хоёр намын өнгөрсөн сонгуулийн амлалт ид нэхэгдэж байна. Үүнийгээ бага багаар  биелүүлж эхлэх гэсэн биш 70 мянгад дөрөөлсөн өргөн хэрэглээний бараа, махны үнийн өсөлтөөс өнөөдөр  яалт ч үгүй тэдний толгойны бас нэг өвчин болоод байгаа нь дамжиггүй. Гэтэл зөвхөн уул уурхай,  ашигт малтмал, ураны асуудал дээр санал нэгдэж, суудал хуваах тохироотой эрх баригчдаас ирэх сонгуулиар ард түмэн шал өөр зүйл нэхэх нь тодорхой боллоо. Тэдний асуултад хариулах гэж  АН-ынхан  одооноос  “Унавал хамтдаа шүү” гэж улаан цайм хүзүү, сээрээрээ холбогдоод байгаа. Үүнд тус нам дахь Засгийн газрын танхимд багтаж чадалгүй үлдсэн хэсгээс бүрдсэн шинэ, хуучин фракц, холбооны зүгээс намынхаа одоогийн удирдлагад нэлээд амбицалж байна.  Зөвхөн өнөөдөр л ийм уур амьсгал АН-д буй болж байгаа  юм биш л дээ. Байж л байсан. Н.Алтанхуяг дарга болсноор тус намын дотоод зөрчил  намжсан гэж тодорхойлдог ч “наймаа” сайн хийснээрээ өнөөдөр өөнтөгч зарим гишүүддээ “Ирэх сонгуулийн пянг өөрөө даагаарай” гэдэг хатуу үг сонсгоод байгаа билээ.  Сүүлийн үед Засгийн газрын яамдын дэд сайд хэмээх “наймааны” орон тоог цомхотгохоор яригдаж байгаа нь ч тэдний ил гарсан санаа байж болох юм. Энэ бол зөвхөн яамдын хүрээнд яригдаж буй асуудал. Гэтэл цаана нь дүүргүүдийн, агент­лагийн дэдүүдийг цомхотгож төс­вийн үрэлгэн зардлыг буу­руулахаар Сангийн яамнаас  бэлтгэсэн саналд дурдсан байгаа юм. Энэ нь өнгөрсөн хугацаанд наймаагаар буй бол­сон албан тушаалаас тат­галзахаар  шийдсэн хоёр намын “сул” гишүүдээс гар­сан санал ч байхыг үгүйсгэхгүй. Хасагдах жаг­саалтад багтсан орон тоог харахад дийлэнх нь АН-ын хүмүүс байгаа. Тэгэхээр анхнаасаа Засгийн газрыг МАХН-ын дарга толгойлох нь тодорхой болсон үед” тэгвэл  хоёрдугаар хүн буюу  Тэргүүн шадар сайдад манай хүн байна” гэсэн АН-ын зүгээс тавьсан албан тушаалын наймаа гэмээр тулгалт бүтэлгүйтэж мэдэхээр боллоо. Яг энэ зарчмаар төрийн албан тушаалын шат шатны томилгоонд АН-ынханд дэд, эсвэл орлогчийн хувь л оногдохоор болсон. Сонгуулийн дараагаас гадна сүүлд хийгдсэн томоохон албан тушаалын томилгоо бүрт ч энэ байдал давтагдсаар ирсэн. Энэ “зохиомол” зарчмын дагуу заавал мэргэжлийн хүн тухай албанд байх ёстой эсэх ч падлийгүй болж хувирсан. Сануулахад  Монголбанкны, Тагнуулын ерөнхий газрын, хамгийн сүүлд  Төрийн өмчийн хорооны дэдүүд, орлогчийн томилгоог ийм л замаар хийсэн.  Харин Улсын Ерөнхий прокуророор эрх мэдлийнхээ хүрээнд ерөнхийлөгчийн зүгээс АН-ын хүнийг томилсон. Хэдийгээр Д.Дорлигжав намын харьяа­лалаасаа  автоматаар тат­гал­зах хуулийн “шахалт” байгаа боловч яалт ч үгүй АН-ын л хүн. Үүнээс гадна АН-д хамаатай албан тушаалын наймааг Ерөнхийлөгчийн Там­гын Газар болон түүний зөвлөхүүдийн орон тооноос ч анзаарч болно. Түүний  Ч.Отгочулуу, Э.Зоригт на­рын хоёр ч зөвлөх нь ИЗН, МНН-ыг төлөөлж түүний багт одоо ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд  дээрх намууд  АН-д  дагаар орж ялалт байгуулсныхаа  төлөө тэднийг ийн “ шагнасан “хэрэг. Одоо яригдаж буй төс­вийн тодотголын хү­рээнд Сангийн яамнаас оруул­сан төрийн албан хаагчдыг цөөлөх тоонд ч Ерөнхийлөгчийн зөвлөхөөс таваас доошгүйг “лааз өшиглүүлэхээр”  тусгасан. Үүнд дээрх  хоёр зөвлөх хамгийн түрүүнд өртөх магадлалтай юм. Гэнэтийн юм бүхэн үүрдийнх байдаггүй хойно. Ер нь л  МАХН-тай хийсэн  АН-ын албан тушаалын наймаа, тохироо бүхэн том, жижиг гэлтгүй сүүлийн үед нийтэд  ил хийгддэг болсон. Уг нь нэгэнт бий болсон олон фракциудаа гэдийлгэхгүй байх үүднээс   аль болох “хөшиг татах”  гэж тус намынхан хичээдэг байсан санагдана. Үүнд нэг л учир байна. 
 
Н.Мөнхтөвшин
Улс төрийн тойм сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж